ХӨНДӨХ СЭДЭВ: Нустай Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

ХӨНДӨХ СЭДЭВ: Нустай Улаанбаатар

ХӨНДӨХ СЭДЭВ: Нустай Улаанбаатар

Улаанбаатарын гудамжаар алхаж явахад  нэлийсэн ой гутам нус цэртэй алхам тутамдаа таардаг. Автбусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс цөөнгүй. Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг. Газарт нулимсан цэр, нус, шүлснээс улбаалж ханиад томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархах үндэс болсоор байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар. Сүрьеэтэй хүн  шүлсээ хаяад өнгөрөхөд хэн нэгэнд халдах магадлал 95 хувь гэнэ.

Гудамжинд нус, цэрээ хаяж байгаа иргэдийн дийлэнх нь эрчүүд. Тэд хаа сайгүй нусаа нийж, цэрээ хаях нь элбэг.  Харин эмэгтэйчүүдийн хувьд олон нийтийн газар нус цэрээ хаях нь цөөхөн. Тиймээс эрчүүдийн хувьд биеэ зөв авч явах соёл өнөөдөр ч үгүйлэгдсээр.

 Хүний ухамсар, биеэ авч явах соёлоос шууд хамааралтай энэ асуудлыг шийдэхээр 2017 онд Зөрчлийн тухай тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан ч амьдрал дээр биеллээ ололгүй өнөөдрийг хүрлээ.

Уг хуулийн хэрэгжилтийг  Мэргэжлийн хяналтын байцаагчид болон цагдаагийнхан хангах үүрэгтэй. Гэсэн хэдий ч үнэндээ гудамжинд ердийн үзэгдэл мэт болсон энэ асуудлыг дан ганц цагдаа, улсын байцаагч нар шийдэж хүчрэхгүй. Иргэн таны оролцоо ч хэрэгтэй.

Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хариуцна гэх товчхон тайлбарыг Цагдаагийн ерөнхий газрынхан өгсөн юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн оролцоотой Эрүүл ахуйн хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн иргэний үйлдэлд хяналт тавих боломжтой гэж үзэж байна.

                ГУДАМЖ ТАЛБАЙД НУС ЦЭРЭЭ НИЙСЭН ИРГЭНИЙГ  ЗУРГААР БАРИМТЖУУЛЖ БОЛНО

ТУС ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВИЙН ДАРГА Т.БАЛЖИННЯМ:  

– Эрүүл ахуйн тухай хуулийн  хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар биш бүх шатны иргэдийн хурал Засаг дарга болон хуулиар эрх олгогдсон бусад байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага иргэн хүртэл олон нийтийн газарт шүлс нус цэрээ хаядаг асуудалд хяналт тавих ёстой. Үүнийг шинэчлэн батлагдсан хуулийн зохицуулалтад ч бас тусгасан. Гудамж талбайд нус шүлс, цэрээ хаяхаас гадна гэрийн тэжээмэл амьтны ялгадсаар бохирдуулах, авто зам талбайд бие зассан зэрэг зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 10 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  Зөрчил гаргасан иргэнийг Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн 6.8-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авна. Мөн уг хуулийн 6.17 дугаар зүйлд Эрүүл ахуйн тухай хууль зөрчих гэсэн заалтаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч торгох эрх бий. Хуулийн хяналтыг тавихад цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хязгаарлагдаагүй. Иргэд биеэ соёлгүй авч яваа нэгэндээ шаардлага тавих, баримтжуулаад цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандвал энэ арга хэмжээг авч, торгуулийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ асуудлыг иргэдийн оролцоотой хянаж болно.  Иргэд нэгэндээ шаардлага тавьж, хэн нэгэн гэрийн тэжээмэл амьтныхаа ялгадсаар гудамж бохирдуулсан бол цэвэрлэх, шүлс, нус цэрээ хаяж байвал бухимдах биш шууд хэлж шаардах хэрэгтэй. Ёс зүйгүй энэ үйлдэл бол  иргэдийн ухамсрын л асуудал юм.  Өмнөх жилүүдтэй харьцуулахад, хүмүүс гудамж талбайд шүлс нус цэрээ хаях  нь багассан гэж харж байна. Хууль хяналтын байгууллагынхныг ажлаа хийсэнгүй, торгууль тавьсангүй гэж харах бус бие биедээ шаардлага тавих нь  чухал юм. Эрх нь зөрчигдөж буй иргэн бүр шаардлагаа тавьж эхэлбэл заавал  торгууль шийдвэрийн оролцоотой шийдэгдэх хэцүү асуудал биш юм. Гудамж талбайд нус цэрээ хаясан хүнд шаардлага тавихад санаа нь зовж, ичих, дахин ийм үйлдэл гаргахгүй болно. Та бидний эрх ашиг хэн нэгний эрх ашигаар хязгаарлагдана гэлээ.

Бидний энэ бүдүүлэг үйлдэл гаднын иргэдэд онцгүй санагддаг нь мэдээж. Нөгөөтэйгүүр тэдэнд “хамаагүй” байж болно гэсэн ойлголтыг төрүүлж байгаа нь харамсалтай. Өөдөөс алхаж яваа гадаад улсын иргэн пур хийтэл нусаа газарт нийн тоосон шинжгүй өнгөрч байх. Өнөөхөд нь золтой л оногдчихсонгүй. Энэ мэт үйлдлээс бид болгоомжлохдоо бухимдалд автаж, хэлэх ч үг олдохгүй үлдэх бус шаардлага тавьж, зөрчил гаргасан иргэнийг баримтжуулах арга хэмжээ авах ёстойг гэж холбогдох албаны хүмүүс зөвлөж байна.

    ЗАЛУУС ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН  ОЙЛГОЛТГҮЙ БАЙНА 

Монгол Улсын Боловсролын Их сургууль болон Санхүү эдийн засгийн дээд сургууль орчим бол хотын  хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрын нэг. Энд залуус хэсэг бүлгээрээ гудамж тохой онилон тамхи баагиулж, шүлс нур цэрээ тоомжиргүй гэгч нь хаях үзэгдэл түгээмэл. Энэ талаар залуусын сэтгэгдлийг сонсвол “Олон нийтийн газар шүлс, нус  цэрээ хаях нь хувь хүний ухамсартай холбоотой” гэдэгт санал нэг байв. Түүнчлэн залуусын хувьд Эрүүл ахуйн тухай  хуулийн талаарх ойлголт, мэдээлэлгүй байв.

Иргэн  Т.Мягмарнаран

“Хуулийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Гудамж талбайд шүлс нус цэрээ хаях нь хувь хүний байгаа орчин, боловсрол,  ухамсраас л шалтгаална. Ийм хүмүүстэй тааралдсан ч зөрөөд л өнгөрдөг. Их муухай харагддаг. Бусдыг хүндлэх ёстой. Өөрийнх нь орчин биш хүн бүрийн орчин болохоор биеэ авч явахдаа ухамсартай хандах хэрэгтэй байх”

 

 

 

Иргэн Г.Мөнхтуяа

“Олон нийтийн газарт нус шүлс, цэрээ нийх нь хувь хүний ухамсрын асуудал. Ялангуяа залуус тамхины иш, хогоо ил задгай хаяхгүй байх нь чухал. Бидний хийсэн нэг үйлдлээс үе тэнгийнхэн, дүү нар маань үлгэр дуурайлал авч байдаг болохоор биеэ хичээж, ухамсартай байх нь чухал”

 

 

 

Иргэн Р.Хулан

“Олон нийтийн газар хогоо хаяж, нус цэрээ нийх нь ёсзүйгүй үйлдэл. Муухай харагддаг. Энэ бол хувь хүний ухамсраас шалтгаална. Олон нийтэд Эрүүл ахуйн тухай хуулийг таниулаагүй гэж би ойлгож байгаа. Хүмүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй. Гудамж талбайд шүлсээ хаяж сурсан хүмүүс торгуулсан ч шүлсээ хаяна.  Муу зуршил шүү дээ. Тиймээс хүүхдэд гудамж талбайд биеэ соёлтой авч явахыг зааж ойлгуулах нь чухал. Ирээдүйд зөв бодолтой төлөвшсөн хүүхэд буруу үйлдэл гаргахгүй”

 

 

Та бидний энэ ухамсаргүй үйлдэл  олны танил болсон шогч залуусын онигоо, ярианы сэдэв болж  “нусны цагдаа байна, таныг 10 мянган төгрөгөөр торголоо” гэх  үгээрээ танхим дүүрэн залуусыг инээлгэж, дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй мэтээр бусдадаа ойлгуулж байсан ч удаатай. Эсрэгээрээ инээх биш ичиж, нэгэндээ шаардах та бидний хуулийн өмнө хүлээсэн иргэний үүрэг. Энэ асуудлыг их хотын иргэд жоохон л хичээхэд шийдвэрлэчих асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж