Төрийн өндөр албан хаагчдын 100 хувь эзэмшдэг болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компаниуд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсвийн эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээл авсан нь ил болсоор байгаа билээ.
Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д улсын төсвөөс төсөвлөж өгсөн байдаг. Энэ хугацаанд сангийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл эздэдээ хүрдэггүй байсныг одоо илчилж байна. ЖДҮХС-гаас 2018 онд 134 иргэн, аж ахуй нэгжид зээл олгосон бөгөөд тэдгээрээс 120 гаруй нь улстөрчидтэй ямар нэгэн хамааралтай аж ахуй нэгжүүд эзэлж байгаа нь шалгаруулалт шударга явагдаагүйг илтгэж байгаа юм.
Дээрх асуудалтай холбоотой АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний зээл авсан гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдийг холбогдуулан шалгаж байгаа билээ.
Прокурорын байгууллагаас эхний ээлжид УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийг хүссэн ч парламент хүлээж аваагүй, татгалзсан билээ.
Тухайн үед гишүүдээ авч үлдсэн үндэслэлээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ гишүүд мөрдөн байцаалт, шалгалтын явцад саад болохгүй, дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгнө. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн Х.Нямбаатарыг эхнэрийнх нь хамт АТГ-аас шалгаж байгаа бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээжээс мэдүүлэг авч, Л.Энхболдын хамаарал бүхий хоёр ч компанийн захирлыг баривчилсан гэх мэдээлэл бий. ЖДҮХС-гаас зээл авсан гэх эдгээр гишүүдээс цөөнгүй нь зээлээ бүрэн төлж барагдуулсан аж. Тухайлбал, аавынхаа нэрээр зээл авсан УИХ-ын гишүүн Н.Учрал хамгийн түрүүнд зээлээ төлсөн юм.
ЖДҮ-ТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР НИЙТ 60 ОРЧИМ АЛБАН ТУШААЛТАНГ ШАЛГАЖ БАЙНА
Хоёр хоногийн өмнө дээрх асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар ээлжит хурлын үеэр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "ЖДҮ-тэй холбоотой хэрэгт урьдчилсан байдлаар нийт 60 орчим албан тушаалтан, тэр тусмаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий компаниуд байж болзошгүй гэж шалгалтын дүн явагдаж байсан. Эдгээрээс өнөөдрийн байдлаар УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байгаа. Бусад албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон даруйд бид холбогдох журмын дагуу саналаа гаргаад цаашид явна. Гэхдээ эдгээр албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш.
Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх гэж ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажиллаж байсан зүйлс байгаа. Зарим нэг нь орон нутгаас ирсэн хүсэлтүүдийг уламжилсан асуудал байгаа. Энэ нь өөрөө тусдаа эрх зүйн зохицуулалт бүхий асуудал учраас шууд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй" гэсэн тайлбарыг өгөөд байгаа.
Дээрх гишүүдэд Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар буюу нөлөө бүхий албан тушаалтан болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээр яллагдагчаар татсан ажээ.
Хуулийн байгууллагаас гэм буруутайг нь тогтоовол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилээр хасч, 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хуультай юм.
ЖДҮХС-аас зээл авсан улстөрчдийн жагсаалтыг эндээс харна уу.
Э.АРИУН
Холбоотой мэдээ