Чуулган: Хуулийн төслүүдийг 81,8 хувийн саналаар дэмжлээ
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Монголын нийгэмд шударга бус байдал бий болж олон хэргүүд дарагддаг энэ асуудал сүүлийн хэдэн жил болчихсон зүйл биш. Энэ асуудал Монголын төрд сүүлийн 20 жил бугшсан идээ бээр. Харамсалтай нь манай зарим гишүүн сүүлийн дөрвөн жилд бий болчихсон мэт ярьж байна, үгүй шүү. Өнөөдөр асуудлыг гаргаж ирж байгаа нь сайн. Өнөөдөр зарим нэг хүн хүмүүсийн ой санамжид тааруулж гэмт хэргүүдийн тухай ярьж байна. Үүнээс олон гэмт хэргүүд бий. Энэ алдаа завхралыг засахын тулд УИХ-ын гишүүд маш хариуцлагатай хандах ёстой.бид уг асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр, асуудлыг шийдсэн мэт дүр эсгэж асуудлыг буруу болгож хуулийн шүүхийн байгууллага буруу шийдвэр гаргаж болохгүй. Болгоомжтой хандах ёстой. идээ бээр нь бугшсан асуудлыг засахын тулд алдаагүй, хийгүй шийдвэр гаргах ёстой. Бид асуудлыг өдөр, шөнөгүй сууж ярих нь зөв.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн бичлэгийг үзээгүй ч өнгөтөөр үзсэн юм шиг л яриулсан. Тэгэхээр энэ бүх зүйлийг хийсэн албан тушаалтнуудад заавал хариуцлага хүлээлгэх ёстой. Хууль шүүхийн байгууллагад их цэвэрлэгээ хийх цаг болсон. Гэхдээ 512 шүүгч бүгд тийм биш. Миний хувьд хуулийн төслийг дэмжих ямар ч боломжгүй. Шүүх ҮАБЗ-ийн гурван хүнд л таалагдахыг хүсэх болох гээд байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
– Эрүүдэн шүүсэн хүмүүс хэрэг нээж айлгах, байгаа бүх боломжоороо өөрсдийгөө зөвтгөх, хаалт тавих л асуудлыг л хийдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Ганц гэрчийг нь оруулахгүйгээр шүүх хурлыг явуулсныг юу гэж ойлгох юм. Уучлал ч гаргаж болохгүй юм байна лээ. Хараат бус дээдлэх гэдэг чинь хууль дээдэлдэг газар ярьдаг болохоос хуулийг дур зоргоороо ашигладаг газар хэрэгжихгүй. Над шиг шүүхийн олон барилга барьж өгсөн сайд байхгүй шүү. Эд нар ямар тэнгэр, бурхан, эзэн юм уу, яршиг л байна. УИХ шийдвэр гаргахгүй бол Монгол Улс эрүүдэн шүүхийг дэмждэг улс болно шүү. Гурван шаттай эрүүдэн шүүсэн. Гурван жил найман сар болж байна, үүнээс илүү яаж тамлах гэсэн юм энэ хүмүүсийг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг өөгшүүлдэг хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ. Яасан хүний зовлонд ханаж, цаддаггүй юм. Зүгээр л байгаарай зарим нь. Одоо та нар суугаад зургаан өдөр эрүүдэн шүүсэн бичлэгийг нь үз. О.Баасанхүүд тусгай өрөө гаргаж өгөөд, түгжиж байгаад үзүүл.
Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад 81.8 хувиар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлөв. Маргааш 09.00 цагаас УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн 11.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, ээлжит бус чуулганыг хаах юм.
УИХ-ын даргын шийдвэрээр УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах байсан ч Ерөнхийлөгчөөс гэнэтийн хуулийн төслүүд оруулж ирсэн учраас УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хуралдах шийдвэр гаргасан билээ.
Ц.Мөнх-Оргил: Энэ хуулийн төслийг одоо баталбал Үндсэн хууль зөрчинө шүү
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Эрүүдэн шүүсэн асуудал хүн бүхнийг цочирдуулсан. УИХ-ын гишүүн хаалттай хуралдаанаар бичлэгийг үзэх хэрэгтэй гэж бодож байна. Эрүүдэн шүүнэ гэдэг ардчилсан нийгэмд байж болшгүй асуудал. Тогтолцооных нь хувьд авч үзэх шаардлага байна. Энэ өөрчлөлтийн асуудлыг яаж Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, гол үнэт зүйл, түүндээ халдахгүй, зөрчилгүй томьёолох вэ. ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь Ерөнхий сайд. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх эрх мэдлийн удирдлагыг өөрчлөх санал гаргах нь байж болох уу. Монгол Улсад Үндсэн хуулиас нэг удаа хэрэглээгүй заалт бий. Түүнийг хэрэглэж, УИХ нэг удаагийн хууль гаргаад дотоод, гадаад бодлогыг хэлэлцэх эрхийнхээ хүрээнд хэлэлцэхгүй бол болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Эрх зүйт төрийн чадамжийг сайжруулах шилжилтийн үед явж байгаа гэж бодож байгаа. Шүүх шударга биш байна, олон олон хэрэг, дуулиантай асуудлууд дээр тухай тухайн үед нь хариулт өгч чадаагүй тул ийм байдал үүсэж байна. Хяналтын байгууллага дээр хувь хүмүүсийн алдааг засаж, ёс зүйн алдаа гаргасан хувь хүмүүст хариуцлага тооцох нь илүү зөв. Бүхэлдээ системээ байхгүй болгох тогтолцооны том алдаа руу гулсах болгоомжлол байна. Энэ халхавчийн дор шүүхийн байгууллагад ажиллаж байгаа олон шударга хүмүүсийг үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль зөрчиж байгаа юу гэж асуухаар зөрчихгүй гэх юм. Зөрчиж байгаа заалтууд байгаа бол УИХ яаж цаашид засах вэ. Яаж зөвөөр алдаа гаргахгүй засах вэ. Эрх мэдэлтнүүдийн золиос нь Монголын төр байж болохгүй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Үндсэн хууль болон салбар хуулийн дагуу томилгоо хийдэг байгууллага албан тушаалтанд санал болгохоос биш шууд томилгоо хийхгүй. Нөгөө байгууллага нь эрх мэдлийнхээ хүрээнд томилгоо хийх учраас Үндсэн хууль зөрчихгүй.
УИХ-ын Ц.Мөнх-оргил:
-Мэдээллийг бүлэг дээр сонссон. Гэхдээ намын бүлэг дээр ийм хуулийн төсөл санаачил гэж хэлээгүй шүү. Намын бүлэг дээр Засгийн газар энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэсэн чиглэл гаргасан. Хоёрдугаарт УИХ-аас ажлын хэсэг байгуулъя гэсэн ийм л шийдвэр гарсан. Эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох нь зайлшгүй зөв. Харин яаж гэдэг нь чухал. Хэрэв энэ хуулийн төслийг одоо баталбал Үндсэн хууль зөрчинө шүү. ҮАБЗ-ийн гурван гишүүний зөвлөмжөөр 512 шүүгч түдгэлзэх аюул болж байна. Системийг гажуудуулж Үндсэн хуулийн зарчимд халдсан арга хэрэглэж болохгүй. Эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан оролцсон хүмүүст хариуцлага тооцох хуулийн зохицуулалт л хэрэгтэй байна. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх ёс. Үүндээ тулгуурлах ёстой шүү.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Эрүүдэн шүүсэн явдлыг далдуур хаасан ийм яриаг АН-ын удирдлагын зүгээс гаргасанд би туйлын ихээр харамсч байна. Би дуртайдаа уучлалт гуйгаагүй. Уг нь энэ хэргийг хянасан шүүсэн хүмүүс нь уучлалт гуйгаад ажлаа өгөх ёстой байсан юм. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд энэ зүйлийг мэдсээр байж чимээгүй өнгөрөхийг хүсээгүй. Монголд 1937 онд сэргэх ёсгүй. Миний бодож байснаас 1000 дахин муухай зүйл хийсэн байна лээ. Би хуулийн дор 40 жил зүтгэхдээ ийм балиар зүйл сонсох нь байтугай харж байгаагүй. Хуулийн байгууллага гэхдээ үеийн үед ийм байгаагүй шүү. Сүүлийн жилүүдэд цэцэглэж хөгжсөн. Шинэ цагийн онцгой комисс бий болсон нь үнэн.
Ингээд хуулийн төслүүдийг талаар гишүүд асуулт, тодруулга авч дууссан дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн үг хэлэхээр чуулган үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, түүндээ намайг оруулна шүү. Ихэнх асуудал чинь "Эрдэнэт"-ээс үүссэн. Энэ бүхэнд Хууль зүйн сайд холбоотой шүү. Уучлалт гуйсан гээд байх шаардлагагүй. Ерөнхийлөгч маргааш зарлиг гаргаад хэлмэгдсэн гээд байгаа хүмүүсээ сулла. Боломж бий. Маргааш өглөө гэхэд Ерөнхийлөгч уучлалын зарлиг гаргах байх. Тамлагдсан хүмүүстээ эрх чөлөөг нь олго л доо. Хэрэг хийгээгүй гэдгийг нь хэлээд цагаатга. Буруутай этгээдүүдэд бүгдэд нь хариуцлага хүлээлгэх байх. Үндсэн хуульд бусад хуулиудтай даган мөрддөг, огцруулдаг үндэслэл гэж бий. Ихэнх дээр нь гэмт хэрэг хийснийг шүүхээр тогтоосон, өвчний улмаас гээд бий. Зөвлөмж юу гэж гарах юм бэ. Гэмт хэрэг хийсэн гэх үү, хийх гэж байна гэх үү, бид дахиад л хуралдана л даа. МАНАН мафитай тэмцэнэ, гэрээс гарсан зураг хулгайн зураг байсан гээд л бид хэргийг тогтооно л доо. Манай УИХ яг ямар байгууллага юм бэ? Хуулийн байгууллагын шийдвэр хэзээ гарах юм бэ? Хэлэлцэхээр оруулаад дараа нь долоо хэмжиж нэг огтолно шүү.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Шүүх засаглалыг ганхсан байдалд аваачна, яг энэ бичигдсэн хэлбэрээрээ явбал. ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш. Эсвэл ҮАБЗ-ийн ажлын албыг тогтоох юм уу. Шүүгч нарыг түдгэлзүүлдэг, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын буруутай эсэхийг тогтоодог эсвэл хариуцлага тооцох ёстой юм байна гэсэн дүгнэлт гаргадаг энэ зүйлийг нь харахаар дандаа өнгөрсөн цагт бичигдсэн. ҮАБЗ-ийн зөвлөл ийм ажил хийх оюуны чадамжтай газар ч биш. Тийм учраас өөрчлөлт хийхээс аргагүй. Үүний араас хилс хэрэгт хэлмэгдсэн гээд түмэн хүн гарч ирнэ. Миний хамгийн сайн мэдэж байгаагаар АТГ-ын дарга Сангарагчаа, Сундуйсүрэн гэдэг хоёр хүн цэвэр хэлмэгдүүлэлт байсан. Хэрэг тохож ажлыг нь хүчээр авсан. Хянадаг, шалгадаг бүх тогтолцоог өөрийнхөө гарт байлгах гэсэн санаархал эцсийн бүлэгтээ ийм зүйл рүү аваачиж байгаа юм. Өөрчлөлтөө Үндсэн хуулийн хүрээнд томоохон хийхгүй бол ганц нэг нүх онгойлгож саравч хийх нь өнөөдөртөө сайн байж болох ч маргаашдаа хамгийн муу хувилбар шүү.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарлаа
Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Алт тушаалтын нөхцөл байдал нь зөвхөн татварын зохицуулалтаас хамааралтай гэдэг салбарынхан хэлдэг. 2018 онд 21.9 тн алтыг Монголбанкинд тушаасан ба энэ нь сүүлийн 28 жилийнхээр тооцвол хамгийн өндөр байжээ. Үүний дараа нэг унц алтны үнэ 1300-аас дээш гарсан тохиолдолд дотоодын хуулийн хүрээнд 5 хувийн татвар дээр нэмж 5 хувь буюу нийтдээ 10 хувийн татвар төлөх зохицуулалт хэрэгжиж байгааг Д.Сумъяабазар сайд хэлсэн. Ингэснээр энэ оны эхний гурван сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад алт тушаалт 81 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Алт нь манай улсын эдийн засаг, санхүүгийн орчинд чухал нөлөө бүхийн үнэт металл гэдгийг тэрбээр онцлоод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн хууль бусаар хил давуулах нөхцөл үүслээ гэхэд өнөөгийн байдлаар бүрэн хянах боломжгүй тул татварыг дахин 5 жилийн хугацаанд 2.5 хувиар хөнгөлөх нь зүйтэй гэдгийг хэлж байсан.
Харин Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарим гишүүдийн зүгээс алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн алтанд ногдох хувь хэмжээ 0 байхаар санал гаргаж, саналын томьёоллыг хэлэлцүүлгийн шатанд таван хувь байхаар тогтсон юм.
Үүгээр чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж гишүүдийн олонх буюу хувь нь дэмжсэнээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Ингэснээр алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байх хууль эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индрээс танилцуулж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ерөнхийлөгчөө Дамирангийн Энхбатын хэргийг сэргээж шалгах уу, шалгамаар байна. Эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэгээ хэзээ үзүүлэх вэ. МАН-ын бүлэг үзсэн юм уу, эсвэл Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзсэн юм уу. Мэдээлэл сонсоход Засгийн газар хальт үзсэн, ҮАБЗ үзсэн болж таарах гээд байна л даа. МАН-ын бүлэг өнгөт кино сонссон юм шиг байна. УИХ-ын гишүүд хэзээ үзэх вэ. Хэрэв нууц юм бол гишүүд гарын үсэг зураад бүгд үзэх ёстой. Би их зовлонтой. Эрдэнэтийн асуудал манай тойргийнх, С.Зоригийн хэргийн холбогдсон гурав бас манай тойргийнх, сүүлийн үед Сагсай гээд нөхөр мөн манайх болчихлоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Байнгын хорооны хуралдаанаар гишүүд нэлээд тодорхой асуусан. Системийн өөрчлөлтийг УИХ дээр хийх бүрэн эрх нь та бүгдэд байгаа. Хаа хамаагүй зүйл надаас асуугаад байна. Би Дамирангийн Энхбатын хэргийг мэдэхгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-УИХ өнөөдөр чухал шийдвэрийн өмнө ирээд байна. Өнгөрсөн хугацаанд бидний байнга л ярьсан алдаа завхралыг эцэс болгоход хариуцлагын тогтолцоо шаардлагатай байгаа. Монголчууд бид эдийн засгийн хараалаас гарахын тулд зайлшгүй хариуцлагын тогтолцоо шаардлагатай. Хариуцлагын араас уйгагүй явж байгаа. Эрх баригч МАН засгийн газар, УИХ-ын даргадаа ч гэсэн өнгөрсөн хугацаанд хариуцлага тооцсон. Хууль шүүхийн байгууллагад хариуцлага тооцохгүйгээр асуудал мухардаад байна. Нэр нь хүртэл ойлгогдохоо больсон олон бондуудын араас нь явах гэхээр олдохгүй, АСЕМ, Оюутолгой, Эрдэнэт гэх мэт энэ бүгдийн араас нь шалгах гэхээр хууль шүүхийн байгууллага дээр гацдаг. Солих хүмүүсээ цаашид олон нийтийн шүүлтүүрээр томилох ёстой.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Шүүхийн байгууллага шударга бус ажиллаж байгаа гэж иргэдийн ярьж буй саналтай би ч гэсэн санал нийлж байгаа. Тухайн үед шүүх би одоогийн яриад байгаа шударга бусын хонгилоор орж байсан. Нэг азтай нь хорьж цагдан эрүүдэн шүүгээгүй нь аз юм. Шүүхийн томилгоотой холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай учраас уг хуулийн төслийг дэмжиж байна. Томилсон хүндээ үйлчилдэг, шударга бус шийдвэр гаргадаг бусад шүүгч нарын асуудал хэрхэх вэ. Энэ хууль батлагдвал зөвхөн эрүүгийн хэрэг шийдсэн шүүгч нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа юм уу. Иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцох уу.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Шүүгчийн шийдсэн хэрэгтэй холбогдуулан хариуцлага тооцох асуудал ярихаар шүүхийн хараат бус байдалд халдсан асуудал үүсээд байгаа юм. Өргөн барьж буй уг хуульд гурван жилийн хугацаатай томилогддог ерөнхий шүүгч нарыг хугацаанаас нь өмнө огцруулах, шүүгч нарыг ёс зүй, авлигын хэрэгт холбогдуулан түдгэлзүүлэх гэдэгт ҮАБЗ-ийг нэмж байгаа. Шүүгч насаараа томилогддог учраас одоогийн хуулийг ерөнхий системийг хадгалж байгаа. Жишээ нь, Салхитын ордтой холбогдсон найман шүүгчийн асуудал сүүлийн гурван жил үргэлжилж байна. Тэдгээр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас оруулж ирнэ гэсэн ч одоо болтол байхгүй. Тэгэхээр жишээ нь энэ асуудал дээр зөвхөн прокурорыг харахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу асуудлыг оруулж ирж болох юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Өнөөдөр ч сонин л өдөр байна даа. Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг зүйл рүү орлоо гэж харж байна.Нийгэмд хууль, ёс зүй зөрчсөн олон үйлдэл гарч байгаатай санал нийлж байгаа ч үүнийг далимдуулж бусдыг гүтгэх, шүүхээр нотлогдоогүй зүйл дээр гэмт хэрэгтэн мэтээр доромжлох нь хамгийн ёс зүйгүй үйлдэл юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал дээр Ардчилсан намын зүгээс ч хувь гишүүнийхээ зүгээс ч мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв Үндсэн хуулийн суурь зарчим бусних юм бол Ардчилсан Монгол Улсын тухай яриа алга болно. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа. Магадгүй ардчиллыг устгаж дарангуйллыг бий болгох хуулийн өөрчлөлтийг хийж байж болзошгүй. Аливаа эрх мэдлийн авсан хүмүүс дандаа дарангуйллын чиглэл рүү явдаг. Зарим хуулийн байгууллагын шударга бус байдал ч үүнтэй холбоотой байж болно. Гэхдээ үүний төлөө бие биенийгээ үзэн ядуулах үйлдэл хийхийг зөвшөөрөхгүй. Хэрэв бид үүнийг хийвэл төрийн эсрэг гэмт хэрэг болно. Гэхдээ шударга ёс ярьж байгаа бол Үндсэн хуулийн зарчмыг ягштал биелүүлэх ёстой.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тус намын бүлгээс Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлснээр, чуулганы хуралдаанд суух боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх:
-Иргэдийг эрүүдэн шүүсэн асуудлаар дараах баримтуудыг хэлье. Энэ оны гуравдугаар сарын 18 нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос иргэдийг эрүүдэн шүүсэн асуудлаар албан тоот ирсэн. уг албан тоотод С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүж, гэмт хэрэг хүлээлгэсэн тухай баримтуудыг дурдаад ҮАБЗ-өөр хэлэлцүүлж өгөх санал тавьсан. Үүнийг дагуу ҮАБЗ-өөс АТГ-ын дарга болон ТЕГ-ын дарга нарт хандаж хэргийн талаар холбогдох тодорхой мэдээллүүдийг ирүүлээч гэдэг албан тоот явуулсан. Үүний дараа тус байгууллагуудаас мэдээлэл ирж 22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ҮАБЗ-д хандах нь зөв гэдгийг хэлсэн. Үүний дараа ҮАБЗ хуралдаж, иргэдийг эрүүдэн шүүсэн баримтуудыг хууль хяналтын байгууллагуудын удирдлага, ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулсан. Улмаар гуравдугаар сарын 25-ны өдөр ҮАБЗ дахин хуралдаж ҮАБЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль санаачлахыг даалгасан. Энэ зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч хуулийн төсөл танилцуулсан. Хүнийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-д одоо танилцуулах боломжгүй. Нууцаас гаргах эрх бүхий байгууллагын шийдэх асуудал.
О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд мэдээллээ бүлэгт биш гишүүдэд ч гэсэн өгмөөр байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэх асуудлын өмнө байр суурь илэрхийллээ. Тэрбээр "Хууль баталж болохыг ойлгож байна. Яаралтай горимоор гэдгийг нь би сайн ойлгохгүй байна. Хаврын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. "Эрдэнэт" үйлдвэрт өнөөдөр 49 хувийн талын эрх мэдэл үйлчлэхгүй байгаа. Нэн яаралтай "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлыг ярилцаж хэлэлцмээр байна. УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр шинэ хуулийн төсөл оруулж ирээд хэлэлцдэг дэг байдаггүй л дээ. Ээлжит бус чуулганаар хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг томилох байсан ч МАН-ын бүлэг хэлэлцэхээс хойшлуулсан. Хойшлуулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар шийдэх байсан. Энэ асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуулиараа хэлэлцмээр байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд Үндсэн хууль зөрчсөн маргаан дагуулж магадгүй учир хойшлуулах горимын санал гаргаж байна. Зарим нэг ноцтой зүйл сонсогдох боллоо. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгомоор байна. Хуулийг шууд оруул гээд харанхуй явуулахаар ганц гишүүн миний хувьд та нарын хурдыг гүйцэхгүй байна. Мэдээллээр хангуулах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Би ч гэсэн ард түмнээс сонгогдсон хүн, төрийн ажил хиймээр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээллээ бүлэгт биш гишүүдэд ч гэсэн өгмөөр байна" гэв.
Чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ