Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү

Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус танилцуулгад “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнох аюулгүй байдал, нийгэм, төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд  хууль, шүүхийн байгууллагын  байгууллага нь улс төр, эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан тэдний хууль бус ажиллагааг хамгаалдаг  хуйвалдааны тогтолцоог бүрдүүлжээ. Ялангуяа 2013-2017 онуудад дээрх байгууллагуудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд үүнд шууд хамрагдаж байна. Шүүхийн байгууллагын албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон томилсон  албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг  үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол  уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхгүй, хууль дээдлэх бус дээрээс ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэлдүүлэлгүй удаашруулдаг үйл ажиллаагааг биелүүлэгч болжээ” гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Хууль хүчний байгууллагынхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцдаа хүний эрхийг ноцтой зөрчиж  эрүүдэн  шүүсэн бол энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ингэж хүний эрхийг ноцтой зөрчиж болохгүй. Нотлох баримт байгаа тохиолдолд хариуцлага тооцох эзэд нь тодорхой. Илэрсэн нотлох баримт байгаа юу гэж асуумаар байна. Хоёрдугаарт,  Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, мөн илрүүлж чадахгүй , хариуцлага тооцож чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр  хариуцлагаас мултарч байна. Тэдэнд хариуцлага тооцохын тулд энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч оруулж ирлээ гэж харж байна. Үндсэн хуульд “Шүүх эрх мэдлийг  гагцхүү  шүүхийн байгууллага хэрэгжүүлнэ, Шүүхийг Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу байгуулна, Шүүгч хараат бус гагцхүү хуульд захирагдана” гэсэн Үндсэн хуулийн заалтууд бий. Шүүхээс гадуур ҮАБЗ хууль шүүхийн байгууллагын Удирдах албан тушаалтан болон ажилтнуудыг ҮАБЗ санал, зөвлөл гарган ажлаас нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийг оруулж ирлээ. Энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу. Мөн уг хуулийн төсөл УИХ-ын Дэгийн тухай хууль бусад хуулиудтай хэрхэн нийцэж байгаа вэ. Ээлжит бус чуулганыг зарлахдаа тодорхой асуудлыг хэлэлцэнэ гээд баталсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:

-Уг хуулийг өргөн барьсан нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг олон жил  болоход хэргийг шийдэж чадахгүй хүмүүст ядаж  ажлаа муу хийсэн гэдэг үнэлгээг өгөөд халж болдоггүй юм уу гэсэн асуудал. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон эсэхийг  Хууль зүй, дотоод хэргийн сайдын сүүлийн хэд хоног  хэлсэн мэдээллээс харахад эргэлзээ байгаа. Үүнийг хуулийн байгууллага дахин авч үзэх ёстой. Одоогийн удирдлагууд нь хэргийг дахин авч үзэхгүй гээд байгаа учраас ийм хууль санаачлахаас аргагүйд хүрсэн. Энэ хуулийг долоо хоногийн өмнө санаачлах талаар хэн ч бодоогүй байсан. Уг нь одоо мөрдөгдөж буй хуулийнхаа дагуу хуулийн байгууллага алдаж, онож болно. Үүнийг нь засаж залруулдаг механизм нь бий. Харамсалтай нь үүнийгээ хэрэглэхийг хүсэхгүй байгаа учраас олон нийтийн төрд итгэх итгэлийг алдагдуулсан үйл явдал болоод байна. Энэхүү хуулийн төсөл нь үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг Хуулийн тухай хуулийн 21.6-г үндэслэн хэлж болно. Засгийн газраас тус хуулийн төслийг дэмжсэн, ямар нэгэн эсрэг саналгүй байна. Шүүгчийг томилох, чөлөөлөх асуудал Шүүхийн Ерөнхий зөвлөлөөр дамжин Ерөнхийлөгчид ирдэг. Энэ хууль ажлаа хийдэг хуулийн байгууллагатай болох хуулийн төсөл байгаа.

УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг  Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж харж байна. УИХ өөрөө хэнтэй ч үл хуваалцах хууль санаачлах боловсруулах онцгой эрхээ хэн нэгэн, хөндлөнгийн байгууллагад түүний зөвлөмжөөр шийдвэр гаргадаг байдалд шилжвэл өнөөдөр энэ улс орон төргүй засаглал бий болно. Үүнд ямар тайлбар өгөхийг нь сонсмоор байна. Эрдэнэт, ЖДҮ гэх мэт олон асуудал орж ирээгүй байхад ямар асуудлыг нь онцгой гэж үзээд байна вэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:

-Хууль шүүхийн гурван байгууллагын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг заалт дээр ҮАБЗ гэдэг нэг заалтыг нэмж байгаа.

Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж худлаа байгууллага байгууллага гарч ирж. Энэ гурван хүн бурхан биш. Буруу зөрүү шийдвэр гарна. 510 шүүгчийн түдгэлзүүлдэг юм заавал хийнэ гэнэ. Монголын шүүх засаглал дээр төрийн эргэлт хийх, улс төрийн тоглоом эхэлнэ. Болохгүй, бүтэхгүй зүйл байгаа. Үндсэн хуулиа хүлээгээд суугаад байх уу. Өөр гарц байхгүй учраас л ингэж байгаа гэх байх. Хүрээ хязгаараа багасгаж болоогүй юм уу. Энэ хууль чинь батлагдвал Үндсэн хуулийн цэц рүү явна. Бэлэн байх хэрэгтэй. Зөвлөмж гээд яагаад томоор нь хийчихсэн юм бэ. Хумиад оруулаад ирж болоогүй юм уу. Энэ хүрээг хумьж өгөхгүй бол болохгүй. Шүүх ганцхан албан тушаалтны асуудал хэлэлцдэггүй. Энэ бол маш эмгэнэлтэй өөрчлөлт. Бүтэн тогтолцоог бүтлээр нь үгүй болгож болохгүй. Энэ хуулиа хэдэн жилийн хугацаанд хэрэглэх талаар ҮАБЗ дээрээ ярьж үзсэн үү. Нэг, хоёр жилийн хугацаанд хэрэглэх ч юм уу.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:

-ҮАБЗ зөвлөмж гаргадаг 10 зүйл байгаа. Үүнээс халиагүй. Хуулийг хэр удаан хэрэгжүүлэхийг УИХ мэднэ. Хууль хэрэггүй болбол хүчингүй болгож болно. Энэ хуулийн нэмэлтийг хэрэглэхгүй байвал бүр сайн. Үүнийг байгаа гэж бодоод хуулийн байгууллагынхан хуулийн дагуу ажлаа хийх хэрэгтэй. Болж өгвөл энэ хуулийг хэрэглэмээргүй байгаа юм.

Хуульзүйн сайд Ц.НЯМДОРЖ:

-Миний хувьд  хүнийг эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг судалсан. Би 2-3 жил судалсан. Нөхцөл байдлыг би Засгийн газарт бичгээр танилцуулж мөн Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг бичгийг ил болгох шийдвэр гарсан. Та нар үзээрэй. Ард түмэнд ч гэсэн энэ бичлэгийг үзүүлэх ёстой гэж бодож байна. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу, амьдаар нь. Баримт бий юу гэж асуулаа. Би баримтгүй зүйл ярихгүй, гишүүдээ. Би нэг биш хэд хэдэн баримт үзэж байж гаргадаг. Би 2017 оны дөрөвдүгээр  сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга, С.Бямбацогт сайдад  энэ асуудлаар  захидал бичиж байсан. Чихнийхээ хажуугаар л өнгөрөөсөн. Одоогийн удирдаж байгаа хүмүүст Монголын хууль хамаагүй болсон. Үндсэн хууль, Цэцийн дүгнэлт ч хамаагүй болсон.  2005 онд Эрдэнэтийн асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэтийн асуудлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлт, Үндсэн хууль хамаагүй болсон. Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш,  дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Эрүүдэн шүүх нөхцөлийг бүрдүүл гэж тэднийг томилоогүй. Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Хяналтын шатны шүүх хуралдааныг булааж авч даргалж байгаад энэ асуудлыг шийдсэн шдээ. Үүнд УИХ хариулт өгөх ёстой. Энэ газар шороон дээр Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү. Та нар тэр балиар бичлэгийг үргэлжилсэн хугацаагаар нь үзээрэй.  Тэгвэл тархинд чинь ойлгогдоно.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76,9 хувиар хуулийн төслүүдийг дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж