“Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

СҮРЬЕЭ

“Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

“Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Сүрьеэ өвчин миний нүдээр” гар зургийн уралдаан, “Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо” зохион бичлэгийн уралдаанд нийт 300-гаад бүтээл ирсэн бөгөөд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн юм.

Мөн шалгарсан бүтээлийн эздэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Монголын хүүхдийн ордны дарга Б.Цэнгэлмаа, “Глобал лаб” ХХК-ийн захирал С.Ананд, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” байгууллагын гадаад харилцаа, олон нийт хариуцсан захирал Ц.Энхжаргал нар гардуулж өглөө.

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН СУРАГЧИД:

I байр – У.Элбэгзаяа – Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургууль

II байр – А.Наранцацралт – 11 дүгээр сургууль

III байр – Ө.Шинэчимэг – Эрдмийн өргөө цогцолбор

ТУСГАЙ БАЙР :

М. Тэргэл, Багануур дүүрэг, Нийслэлийн лаборатори боловсрол цогцолбор сургууль

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН СУРАГЧИД:

I байр – О. Явуу, 4 дүгээр сургуулийн 10б анги

II байр – Б. Дуламсүрэн, Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийн 9е анги

III байр –А. Анар, 79 дүгээр сургуулийн 7б анги

ТУСГАЙ БАЙР:

А. Жаргалан, Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийн 9е анги

Х. Халиун, 84 дүгээр сургуулийн 5 анги

Энэ өдөр АШУҮИС-ийн оюутан залуус сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх видео контентуудыг танилцуулсан бөгөөд сурагчдад сүрьеэгийн талаар мэдээлэл олгох өртөөг зохион байгуулж, эрүүл амьдрах хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан флаш моб хийлээ. Мөн ХӨСҮТ-ийн тэргүүлэх зэргийн их эмч П.Янжиндулам үрьеэ өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах, энэ өвчний талаар иргэн хүний зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн талаар мэдээлэл өгөв.

Тус өдөрлөгийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Боловсролын газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ /MHI/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн төв” ТББ, “Глобал лаб”, “Unitel” группээс хамтран зохион байгуулсан юм.

“Эрүүл амьдралын үндэс нь урьдчилан сэргийлэлт” гэж үздэг XXI зуунд ч урьдчилан сэргийлж, эдгэрэх боломжтой сүрьеэ өвчнөөр хүмүүс нас барсаар байна. Угтаа бол иргэн бүр энэ өвчнөөс өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ хамгаалж чадна. Иймээс энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг дэлхий даяар “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа төдийгүй сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг илэрхийлж байна.

Идэвхитэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.

Дашрамд дуулгахад, сүрьеэгээр өвдсөн хойно нь биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь эдийн засаг, эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтээрээ ойлгон хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Харвардын их сургуулийн судалгааны нэгж болох “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аас хамтран санаачилсан “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөр юм.

Анх 2012 онд Харвардын эрдэмтэн судлаачид болон нийгмийн эрүүл мэндийн нөлөө бүхий манлайлагчид Дубай хотноо цугларч, хүн төрөлхтөн сүрьеэ өвчинтэй одоогийн байдлаар үргэлжлүүлэн тэмцвэл 200 жилийн дараа л өнөөгийн Америкийн түвшинд хүрнэ. Тиймээс энэ өвчнийг үндсээр нь устгах зорилготой “Zero TB Cities Initiative” буюу СҮРЬЕЭГ ТЭГЛЭХ хотуудын санаачилгыг гаргасан. Энэ санаачилгын гол зорилго нь ИЛРҮҮЛ, ЭМЧИЛ, СЭРГИЙЛ гэсэн нотолгоонд суурилсан цогц аргачлал бүхий, сүрьеэгээс шалтгаалсан нас баралтыг ТЭГЛЭХ, хүн амыг мэдээ мэдээллээр хангаж, сүрьеэгийн ялгаварлан гадуурхалт болон энэ өвчнөөс айж, ичих байдлыг үгүй болгох, сүрьеэгийн халдварын гинжин хэлхээг таслан зогсоох явдал юм.

Манай улсын нийслэлд нийт сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлын 50 гаруй хувь, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын 30 хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өвчлөл эзэлж байна. Мөн төвийн 6 дүүрэг Нийслэлийн өвчлөлийн 95 хувь, улсын өвчлөлийн 57 хувийг бүрдүүлж байгаа тул эдгээр дүүргийн өвчлөлд онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авч чадвал Монгол Улсын хэмжээнд сүрьеэг хазаарлахад тодорхой амжилт олох боломжтой юм.

Гуравхан сая хүн амтай, хүн амын талаас илүү нь нийслэл хотдоо оршин суудаг, эрүүл мэндийн харьцангуй сайн тогтолцоотой манай улсын хувьд “Сүрьеэгүй Улаанбаатар” цаашлаад “Сүрьеэгүй Монгол” улсыг бий болгох бүрэн боломжтой. Хүн төрөлхтөн үүссэн цагаас бидэнтэй хамт байсаар ирсэн, хөгжлийг хойш нь татагч цагаан тахал гэгддэг энэ өвчинтэй бага балчир гэлтгүй хүн нэг бүр тэмцэх ЦАГ НЬ БОЛСОН !

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж