Голландын эрдэмтэд апельсины шүүс тогтмол хэрэглэснээр цус харвалтын эрсдэлийг бууруулах боломжтой гэж мэдээлжээ. Эрдэмтэд 15 жилийн турш 20-70 насны 35 мянган хүнийг хамруулсан судалгаа явуулсан байна. Долоо хоногт 4-8 аяга апельсины шүүс хэрэглэснээр цус харвалт өвчнөөр өвчлөх эрсдэлийг 24 хувиар бууруулж байгааг тогтоожээ. Харин хоёр өдөрт нэг аяга апельсины шүүс хэрэглэснээр дээрх өвчний эрсдэлийг 20 хувь бууруулж буйг тогтоосон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зүрх судасны өвчин ч 13 хувиар буурчээ.
Эрдэмтэд апельсины шүүс нь витамин, антиоксидант ихээр агуулдаг бөгөөд цусны судасны эмгэгийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтойг онцолсон байна. Мөн апельсин нь шим тэжээл ихээр агуулдаг учир бүтэн жимсээр нь хэрэглэхийг зөвлөжээ. Эрдэмтэд өмнө нь судалгаа явуулж, нэрс жимс нь хүний зүрхний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. Нэрс нь зүрхний өвчлөлийн эрсдэлийг 20 хувь бууруулдаг бөгөөд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөрт 200 граммаар идэхийг эрдэмтэд зөвлөжээ.
Нэг стакан апельсины шүүс нь таны өдрийн витамины хэрэгцээг хангах юм байна. Апельсины шүүс ууснаар өөрийн биеэ элдэв өвчнөөс сэргийлээд зогсохгүй залуужих боломжтой ажээ. Гэвч тунг нь тааруулж, усаар шингэлж уухыг эрдэмтэд зөвлөсөн байна.
Эх сурвалж: THE SUN