УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2019.03.27/ хаалтаа хийх байсан ч УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар яаралтай дэгээр хууль хэлэлцэхээр захирамж гаргасан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон АТГ, Прокурорын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг УИХ-д өргөн барьж, яаралтай дэгээр хэлэлцэхийг санал болгожээ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамж гаргасан байна.
Тус захирамжид, Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ. Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдан, зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан болно. Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэжээ.
Ийнхүү захирамж гаргасан учраас хуулийн төслүүдийг УИХ дахь намын бүлэг, байнгын хороод, ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ