Бичлэг дэлгэсэн ба бичлэгт өртсөн хоёрын тайлбар

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

VS

Бичлэг дэлгэсэн ба бичлэгт өртсөн хоёрын тайлбар

Нийслэлийн МАХН-ын хотын намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян  Даваа гаригт  Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийн хэсгийг олон нийтэд үзүүлсэн билээ.  

News агентлаг энэ удаагийн VS буландаа МАХН-ын хотын намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян, прокурор асан Е.Сагсай нарын эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.

Э.Эрдэнэжамъяан
МАХН-ын хотын намын хорооны дарга

Ё.Сагсай прокурор ажлын байрандаа нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байхад нь хэдэн залуус гаднаас дайрч орж ирсэн байгаа юм. Ингээд тус залуус “Та энэ эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн. Үнэн үү. Би бол шударга цагдаа” гэж Ё.Сагсай прокуророос асуухад “Тийм. Үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гарахын төлөө бүх зүйлийг хийхийн төлөө ажиллана” гэж хэлсэн байгаа юм. Бид таван минутын бичлэгээс хүмүүст үзүүлэх боломжтой арай ёс зүйтэй, ойлголт өгч болохыг нь олон нийтэд үзүүлж байна. Уг бичлэгээс эмэгтэйн дүрсийг хассан. Энэ бичлэгээс харахад бичлэг хийсэн залуус Ё.Сагсайг сүрдүүлж байгаад хэн нэгнийг суллуулсан. Тэгэхэд тэдгээр залуус болон хоригдож байгаад гарсан хүн хэрэгт орж мэднэ. Гэхдээ хуулийнхан ёс бус үйлдэл хийдэг, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, хэн нэгний захиалгаар хүмүүсийг суллаж эсвэл хорьдог байж болохгүй. Барьцаанд оронгуутаа хэн нэгэнд хэрэг үүрүүлж эсвэл суллаж байна.

Е.Сагсай
Прокурор асан

Телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.

Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй. Ийм учраас намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм. Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй.

Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас гуч орчим насны хоёр залуу орж ирж хүч хэрэглэж айлган сүрдүүлж, дарамтлан рекет хийх замаар энэ бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, магадгүй энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна. -Яагаад гэвэл бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулж байгаа хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулиудыг зөрчсөн, хууль бус ажиллагаа. Магадгүй миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж