Хөгжлийн банк “Хөдөлгөөн”-д орж эхэллээ гэсэн гарчиг бүхий мэдээлэл өнөөдөр өглөөнөөс эхлээд зарим хэвлэлд нийтлэгдсэн. Тэр дундаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаярыг ажлаа өгөхөөр болсон тухай тодотгон бичжээ. Энэ талаар бид Монгол Улсын Хөгжлийн банкны байр суурийг тодрууллаа. Тус банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр уулзалттай байсан учраас Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас тодруулгыг авсан юм.
-Өнөөдөр танай банктай холбоотой хэвлэлээр гарсан мэдээллийг харсан байх. Үнэхээр Хөгжлийн банкинд хөдөлгөөн орж, гүйцэтгэх удирдлагууд солигдох талаар яригдсан юм уу?
-Би яг тантай адил мэдээлэлтэй байна. Зарим сонин болон сайтад гарсан мэдээллийг харлаа. Монгол Улсын Хөгжлийн банкинд ямар нэгэн хөдөлгөөн ороогүй, үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна. Гүйцэтгэх захирал Б.Батбаяр ажил үүргээ гүйцэтгэж байгаа, одоо гадны хүмүүстэй уулзалттай байна. Дэд захирлуудын тухайд ч мөн хэвийн өдөр тутмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Хэрэв удирдлагуудын түвшинд өөрчлөлт орохоор бол ЗГ болон МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс албан ёсоор шийдвэр гарч энэ асуудал яригдах байх гэж бодож байна.
-Хөгжлийн банкинд Засгийн газраас ээлжит шалгалт орсон байгаа. Шалтгалтын явц ямар байгаа вэ?
Энэ шалгалт хоёр жил тутамд нэг удаа хийгддэг, ээлжит шалгалт юм. Та бүхний харж байгаачлан Хөгжлийн банкинд шалгалтын ажлын хэсэг байрлаж шаардлагатай баримт материалыг авч шалгалт үргэлжилж байна. Шалгалт өнгөрсөн сарын 20-ны өдөр эхэлсэн. Ажлын 30 хоногт үргэлжлэн хийгдэнэ. Манай банкны зүгээс ажлын хэсэгтэй хамтран ажиллаж цаг тухай бүр шаардлагатай бүхий л мэдээ мэдээлэл, архив, тоо баримтаар ханган ажиллаж байгаа. Одоогоор ажлын хэсгийн ажиллах хугацаа хараахан дуусаагүй байна. Шалгалтын үр дүнг журмын дагуу тухайн үед нь албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгөх байхаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ