99 мянгын үнэтэй зөвшөөрөл 950 мянган төгрөг болтлоо хөөсөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

99 мянгын үнэтэй зөвшөөрөл 950 мянган төгрөг болтлоо хөөсөрчээ

99 мянгын үнэтэй зөвшөөрөл 950 мянган төгрөг болтлоо хөөсөрчээ

Иргэдийн зүгээс Авто тээврийн үндэсний төвөөс /АТҮТ/  олгодог  улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх С зөвшөөрөл  авахын тулд холбогдох албан тушаалтнуудын гарыг хүндрүүлэх нь олонтоо. Улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг нь нэг удаадаа  99 мянган төгрөгөөр олгогддог бөгөөд олгосон өдрөөсөө хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг байна.  Тэгвэл  өнөөдөр /2019.03.26/ АТГ, Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ хамтарсан  “Улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, авлига, ашиг сонирхлын зөрчил гарах нөхцөлийг бууруулах нь”сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт холбогдох байгууллагуудын төлөөллөөс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл мөн ирсэн байсан юм.

Энэ үеэр  АТҮТ-ийн олгодог тээврийн бүх төрлийн зөвшөөрлийг  мэдээллийн нэгдсэн систем болох Төр нэгдсэн системд  холбосон талаар  дуулгалаа. Ингэснээр ухаалаг утастай хүн бүр тухайн систем рүү нэвтрэн С зөвшөөрөл авсан эсэхээ мэдэх боломжтой юм. Тухайн программ нь техникийн бүрэн бүтэн бус байдал болон тавигдсан стандарт шаардлагаас дутуу мэдээллийг хүлээж авахгүй бөгөөд программ Хур систем дээр байрлан  нөөц сервер нь  АТҮТ-д байрлах аж.

2018 ОНД ХЯТАДТАЙ ХИЛЛЭЖ БАЙГАА НАЙМАН БООМТОД НИЙТДЭЭ 8900 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД  С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН

АТҮТ-ийн дэд захирал Ш.Батсайхан “Мэдээллийн нэгдсэн системд холбогдсоноор бүх аж ахуй нэгж байгууллагууд шаардлага хангасан эсэхээ  цаг хугацаа алдалгүй мэддэг болно. Цахимаар оруулаад бүртгэхээр зөвшөөрөгдөхгүй бол хүлээж авахгүй зөвшөөрсөн гэвэл стандарт дүрэм  журмыг хангаж байна гэсэн үг. 2018 онд Хятадтай хиллэж байгаа найман боомтод нийтдээ 8900 тээврийн хэрэгсэлд  С зөвшөөрөл олгосон байна. Ер нь энэ хэмжээнд л олгодог. Төсвийн тухай хууль батлагдан  экспортын нүүрсний хэмжээг 42  сая тонноор баталсан. Үүнийг  бид мөрдүүлж ажиллах үүрэгтэй.

Хэрэв БНХАУ-ын  талтай яриад нэмж С зөвшөөрөл авах хэрэгцээ  үүсвэл бид нар машин болгонд олгож болно. Гэхдээ стандарт шаардлага хангаагүй, тээврийн хэрэгсэл нь осол сааталд орсон мэргэшсэн жолооч бус байх тохиолдол гарна. Жолооч нь тухайн ангиллаараа  таваас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай дээр нь   сургалтад сууж мэргэшсэн байхыг шаардаж байна. Дөрвөн стандарт хоёр зөвлөмжийн дагуу шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллагуудад л С зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ авто парк, засварын байр, жолоочийн амрах байр, жолоочийн ажил амралтын горимыг мөрдүүлж ажиллах  ёстой. Үндсэндээ дээр үеийн авто бааз шиг цогцоороо авто аж ахуйн системээр үйл ажиллагаа явуулдаг байх ёстой” гэв.

2014-2015 онд АТҮТ-ийн С зөвшөөрөл илүү гарж үнээ хямдруулж аж ахуй байгууллагад өгч байсан бол 2016 оноос хойш экспортын эрэлт хэрэгцээ эрс нэмэгджээ. Энэ жилийн  тухайд өнгөрсөн жилийнхээс 140 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа юм.

ХАРДЛАГА БАЙГАА УЧРААС  АСУУДАЛ ЦЭГЦЛЭГДЭХГҮЙ БАЙНА

АТГ-ын хяналт шалгалт, дүн  шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар “АТГ-аас 2016 онд АТҮТ-ийн тээврийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б-тэй холбогдох хэргийг  мөрдөн байцаалт явуулаад шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс торгох ялаар шийтгэсэн. Мөн АТҮТ-ийн холбогдох албан  тушаалтан С зөвшөөрөлтэй холбоотой асуудалд шалгагдаж хэргийг нь прокурорт шилжүүлсэн байгаа. Эндээс харахад С зөвшөөрөл гэдэг асуудлыг журамлаж шалтгаан нөхцөлийг нь арилгаж шийдвэрлэхгүй цаашид  ч олон албан тушаалтан холбогдох магадлалтай байна. С зөвшөөрөл нь ил тод биш далд явагдаж байгаа учраас шаардлага хангахгүй автомашинтай эсхүл бичиг баримтын бүрдэл дутуугаас болоод хүмүүс албан тушаалтнуудад хахуул өгч байна. АТҮТ-өөс аж ахуй нэгжид олгосон С зөвшөөрлийг ямар компанид хэдэн ширхэг олгосон, юунаас  болоод зөвшөөрөл авч чадаагүй юм гэдэг нь нийтэд ил тод биш байгаа учраас нийгэмд хардлага их байна. Хардлага байгаа учраас  асуудал цэгцлэгдэхгүй байна гэж харж байна” гэв.

“Баянзам” тээвэрчдийн холбооны төрийн бус байгууллагын тэргүүн М.Нямжав хэлэхдээ “С зөвшөөрөл дээр ихэнх аж ахуй нэгж байгууллагууд мэдээлэл муутай харагддаг. С  зөвшөөрөл нь 90 мянган  төгрөгийн үнэтэй хятад улсад хэвлэгдэж ирдэг зөвшөөрөл. Цахим хуудсан дээр “С зөвшөөрөл гаргаж өгнө” гэсэн зарын дагуу ярьж үзтэл 850 мянган төгрөг гэж байна. Үүн дээр АТҮТ-д тушаагддаг 99 мянган төгрөгийн  үнэ орохгүй гэж байгаа. Тэгэхээр 99 мянган төгрөг 950 мянган төгрөг болтлоо хөөсөрсөн байна. Арав дахин үржиж дамлагдсан байдлаар явж байна. Хуралд сууж байгаа аж ахуй нэгжүүд дийлэнх нь монголын  хөрөнгө оруулалтай монгол компанийн удирдлагууд сууж байна. Эдгээр компаниуд хэзээ ч  хэзээ ч 850 мянган төгрөгийн асуудал руу ордоггүй. Мөнгөгүйдээ  биш хөхүүлэн дэмжихийг хүсдэггүй. Нөгөө талдаа монголын хууль дүрмийг хөсөр хаядаг гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуй нэгж байгууллагууд мөнгөтэй компаниуд үүнийг цэцэглүүлээд байгаа асуудал бий” гэв.

Өнөөдрийн байдлаар 13 мянган машин нүүрс тээвэрлэж байна. Үүнээс үндэсний гэсэн тодотголтой  компани  12-13  хувийг эзэлдэг бөгөөд  сүүлийн таван жилийн  хугацаанд үндэсний  компаниудын  машины өсөлт 15 хувьтай байгаа аж. Энэ нь ойролцоогоор 1000 машинтай дүйцэх юм. Харин  гадны хөрөнгө оруулалттай компаниуд одоогоос дөрвөн жилийн өмнө 5000-6000 машинаар  ажиллаж байсан бол одоо энэ тоо нь 12 мянгад хүрчээ. Хуралд оролцсон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд “Үндэсний компаниуд хүч тэнцвэргүй тулаанд үзэж байна” хэмээн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж