Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлт дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болж өнгөрлөө. Үзэсгэлэнд дайны хүнд цаг үед Зөвлөлт Холбоот Улсад Монгол Улсаас үзүүлж байсан хандив тусламжийг архивын баримт бичиг, баримтат кино, гэрэл зураг зэрэг 100 гаруй үзмэрээр баримтжуулан толилуулж байна.
2015 оны гуравдугаар сарын 24-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар батлагдсан “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медалийг Монголын 365 ахмад дайчдад гардуулсан билээ. Үзэсгэлэнгийн үеэр “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медальт Монголын ахмад дайчин, эх орны дайны ахмад дайчин Э.Лувсанбалдангийн одон тэмдэг, хувцас хэрэглэлийг уг үзэсгэлэнд байрлуулжээ.
Мөн үзэсгэлэнд түүхэн хүмүүсиын эдлэл хэрэглэл, буу зэвсэг болон Ялалтын 20, 30, 40, 70 жилийн ойн медалиуд, Маршал Х.Чойбалсангийн “Гвардия” одон, ойн медалиуд, Ж.Самбуугийн ойн медалиуд, 1941-1945 онд монголчуудаас фронтод хүргэсэн бэлгийн зүйлс зэрэг биет үзмэр тавигдсан юм.
Энэхүү үзэсгэлэн нь Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлын нэг хэсэг бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, АЕГ-ын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов болон бусад төлөөлөгчид оролцлоо.
“БҮХНИЙГ ФРОНТОД БҮГДИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний түүхийн музейд 2015 оны тавдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: zasag.mn