Улс төрийн хямралтай байгаа Венесуэл улсад өчигдөр /2019.03.25/ дахин тог цахилгаан тасалдаж, тус улсын муж хотуудын талаас илүү хувь нь цахилгаангүй болсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Нийслэл Каракас хот ч мөн цахилгаангүй байгаа ба эрчим хүчний станцуудыг хэсэгчлэн сэргээж эхэлсэн байна.
Энэ удаагийн цахилгааны тасалдалд мөн л АНУ-ыг буруутгаж байгаа ба эрчим хүчний доголдлоос болж томоохон албан газрууд, үйлчилгээний газрууд, нисэх буудлууд тоггүй болж нислэгүүд цуцлагдан, төрийн албаны ажил цагаасаа эрт тарсан байна.
Энэ сарын эхээр тус улсын хамгийн том усан цахилгаан станцын хяналтын системд халдлага гарч улс орон даяар цахилгаангүй болсон бөгөөд иргэдээ түр хугацаагаар ажил хичээлээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байв.
Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Делси Родригез болсон бүх явдалд АНУ болон тэдний хамсаатнуудыг буруутгаж байгаа ба ялангуяа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, сенатор Марко Рубио нарыг онцлон дурдаад тэд энэ бүхнийг зохион байгуулж байгаа гэв.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ