Нийслэлийн Баянгол дүүрэгт энэ сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ явдлын дараа хүү Гэмтэл согог судлалын төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж хоёр удаа яаралтай хагалгаанд орсон юм. Дээрх асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад “Хүү одоо нүдээ нээж, нэрээр нь дуудахад анзаардаг болсон. Биеийн байдал нь тогтвортой болсон гэж хэлэхэд эрт байна. Бидний зүгээс хүүгийн ар гэрийнхэнтэй ойр ажиллаж туслалцаа үзүүлж байгаа. Хүүгийн тухайд хагалгааны дараах эрсдэлийг даваад гарах нь чухал байна” гэсэн мэдээллийг өглөө.
Хэргийг сануулахад, дөрвөн настай дагавар хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь дээрх хэрэг гарснаас хойш гурав хоног цагдан хоригдож байгаад 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр батлан даалтад гарчээ. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Хэргийн мөрдөн байцаалтын шат үргэлжилж байна.
Э.ЭНХ