Т.Таня: Гүтгэсэн учраас шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Т.Таня: Гүтгэсэн учраас шүүхэд хандана

БНСУ-ын иргэн Ким Чолхунтай холбоотой асуудлаар “Газрын хэвлий” ХХК-ийн толгой компани болох “Жи Эм Кэй” ХК-ийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү, “Газрын хэвлий” ХХК-ийн захирал Т.Таня, өмгөөлөгч Б.Батбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Газрын хэвлий” компани нь Төв аймгийн нутаг дэвсгэрт алтны орд ашиглах “А” лиценз эзэмшдэг байна. Өнгөрсөн жилээс олборлолтын үйл ажиллагааг эрчимтэй явуулсан. Харин БНСУ-ын иргэн Ким Чолхун нь дээрх компанийн захирал болохын тулд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гээгдүүлсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, тэдгээрийг шинээр гаргуулж, хууль бус үйлдлийг үйлдэх болжээ. Тухайлбал, “Газрын хэвлий” компанийн монгол захирал, ТУЗ-ийн шийдвэрээр томилогдсон Т.Таняг “Мөнгө хувьдаа завшсан гэж гүтгэн цагдаад мэдүүлж, шалгуулсан төдийгүй 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд оффис руу нь дайрч орж компанийн бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардан компанийн дансны эзэмшигчийг өөрийн нэрээр сольж, уурхай руу дайран орж дарамталсан зэрэг хууль бус үйлдлийг гаргажээ. Энэ үйлдлийг нь одоо цагдаагийн байгууллагаас шалгаж буй аж. Гэвч тэрээр зогссонгүй энэ сарын 17-нд дөрвөн машинтай, 20 орчим хүнийг дагуулан уурхай руу очиж харуулын гурван ажилтныг дарамтлан хөөж, машины түлхүүр, гэрчилгээ булааж авч, хууль бус үйлдэл гаргасан юм байна. Тиймээс “Газрын хэвлий” ХХК-ийн Монгол талын захирал нь Т.Таня бөгөөд түүнийг ТУЗ-ийн шийдвэрээр томилсон болохыг баталж байна гэж “Газрын хэвлийн” ХХК-ийн толгой компани болох “Жи Эм Кэй” ХК-ийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү тодотгов. Мөн тэрээр “Ким Чолхуны үйлдэлд арга хэмжээ авахуулахаар БНСУ руу хандахаар зэхэж байгаа бөгөөд “Ийм ичгэвтэр явдал гарсанд Монголын ард түмнээс толгой бөхийлгөн уучлалт гуйя. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол, Солонгос иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй БНСУ-ын иргэн Ким Чолхуны энэхүү хууль бус үйлдэлд БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхаарал хандуулан, албан ёсны арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэдгээ энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан уламжилж байна” гэсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа бид  “Газрын хэвлий” ХХК-ийн захирал Т.Танягаас дараах тодруулгыг хийснээ хүргэе.

-Та тус компанид хувьцаа эзэмшдэг үү?

-Толгой компаниас хувьцаа эзэмшдэггүй, 77 хувийн итгэмжлэгдсэн Монгол төлөөлөгч.

-Өмнө нь Монголыг төлөөлсөн захирал байсан уу. Монгол нэртэй гадаад хөрөнгө оруулалттай компани гэж ойлголоо зөв үү?

-Энэ компани Монгол компани байсан, 2004 оноос хойш үйл ажиллагаа эрхэлсэн. Хөрөнгө оруулалтыг нь татах, гадаадын хөрөнгө оруулалт бүртгэх бүх үйл явцыг би өөрөө үүсгэн байгуулж, бүх ажилд нь оролцож, 2013 оны тавдугаар сарын 1-нд ТУЗ-ийн даргатайгаа ТУЗ-ийн гишүүдтэйгээ, хувьцаа ээзмшигчид оролцсон хурал болж, үйл ажиллагааны бүтцээ гаргахдаа намайг гүйцэтгэх захирлаар томилсон.

-Ким Чолхуныг шалгаж байгаа гэсэн, ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?

-Гэрчилгээ байсаар байтал гээгдүүлсэн гэж худал мэдүүлж дахин гаргуулсан гэсэн үндэслэлээр.Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг.

-Ким Чолхун өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ таныг хууль зөрчиж, янз бүрийн үйлдэл гаргаж байна гэсэн. Та тэр үед яагаад хандаагүй юм бэ?

-Өнгөрсөн баасан гаригт бид хэвлэлийн хурал зарлах гэж байгаад нотлох баримтаа хангалттай бүрдүүлье, хууль ёсны баримтаа цуглуулъя гээд өнөөдөр буюу даваа гариг болгосон. Ер нь тэр өдөр хурал хийх боломж ч бас байгаагүй. Яагаад гэвэл нэг талыг барьсан хууль бус үйл ажиллагааны улмаас би Зүүнхараагийн цагдаагийн камерт 72 цаг саатуулагдаад гарч ирээд удаагүй байсан.

-Та хоёрын маргаантай холбоотойгоор шүүх бас шийдвэр гаргасан. Тэр нь ямар шийдвэр байсан бэ? 

-Энэ маргаантай холбоотой шүүгчийн захирамж гарсан байсан юм. Ким Чолхун хуурамч гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглаад “Т.Таня хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаад хууль бус үйлдэл хийгээд байна” гэсэн нэхэмжлэл гаргахад нь шүүгч надаас хариу тайлбар авсан юм. Гэхдээ шүүгч “Энэ асуудал шийдэгдтэл Т.Таня та энэ компанийн эд хөрөнгө, бичиг баримтыг бусдад шилжүүлэх, худалдаалах түрээсэлж болохгүй шүү” гэдгийг даалгасан. Харин Ким Чолхун тэр даалгаврыг манай уурхайн гурван ажилтанд уншуулахгүйгээр гартаа барьчихаад “Одоо та нар зайл. Та нар Танягийн ажилтнууд. Би өөрийн ажилтнаа байлгана” гээд хөөж туугаад авто машины техникийн гэрчилгээ, түлхүүр аваад, түлшнээс хоёр машиндаа дүүргэж хийж аваад явсан байдаг.

-Тухайн үед нь Шарын голын цагдаад хандаж болоогүй юм уу?

-Шарын голын цагдаа дуудлага хүлээж аваагүй, та нар хоорондоо учраа ол гэсэн. Тэр энэ үеэр машины гэрчилгээ, түлхүүр хоёр авч явсан байсан учраас би түүнийгээ авахыг шаардсан. Улмаар Ким Чолхунтай машинд суугаад ярьсан, ийм үндэслэлээр та хууль зөрчиж байна гэдгийг хэлсэн. Түлхүүрээ авъя гэтэл “Түлхүүр уурхайд байгаа” гээд гаргаж өгөөгүй. Тэгэхээр нь автомашинтайгаа хөдлөх гэтэл Батдорж хамгаалагч машинтайгаа ухарч ирээд бидний сууж байсан машин руу санаатайгаар мөргөсөн.

-Ким Чолхун ингэж улайран зүтгээд байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол?

-Өнгөрсөн жилийн зун Ким Чолхун хэсэг хүмүүсийн хамтаар манай уурхайд ирээд яаж алт гарч байгаа бүх процессыг үзэж танилцсан. Түүний дараагаас л янз бүрийн хууль бус зүйл хийх болсон. Үнэндээ бол солонгосууд хэсэг монголтой нийлээд уурхайг л авах гэж шунаж байна.

-Ким Чолхуны зүгээс “Би бол Газрын хэвлий компанийн хууль ёсны захирал нь. Намайг дээрээс томилсон” гэж мэдэгдсэн байна лээ?  

-Түрүүн өмгөөлөгч маань тайлбарласан, 77 хувийг эзэмшиж байгаа нэг ашиг сонирхолтой хүмүүс маань ТУЗ-ийн даргынхаа доор үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 11 хүн байдаг нь хувьцааны 23 хувийг эзэмшдэг. Тэр саналын эрхгүй 23 хувь нийлсэн хүмүүс суугаад Ким Чолхуныг захирлаар томилов гээд бичиг үйлдчихсэн юм билээ. Тэрийг Монголын консулаар дамжуулж ирсэн бичиг гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ бид тэр бичиг Монголын консулаар дамжаагүй гэдгийг баталчихсан. Тэр бичиг баримт хууль бус гэдгийг нотлох баримт болгож маш их баримтыг бид цагдаад өгсөн. Яагаад гэвэл бидний баримт бол Солонгосын нотаритоор орсон, дээрээс нь 1961 оноос хойш Франц улсад нээгдсэн Венийн конвенци гэж байдаг, тэнд нэгдсэн улс орнууд энүүгээр нотариат хийлгэчихсэн байхад хаана ч хүчин төгөлдөр. Олон улсын нотариатын эрхтэй, тийм баримт. Харин Ким Чолхуных тийм баталгаажуулалт байхгүй. Ганц хийсэн юм нь БНСУ дахь Монголын консулын газар очоод “Энэ Солонгосоор үйлдсэн баримт Монгол руу орчуулахдаа үнэн зөв бууж уу” гэдэг орчуулгын нотариат даруулсан. Тэрийгээ “Энэ бичиг үнэн зөв гэдэг нотариат юм аа” гэж тайлбарлаад яваад байгаа. Харин бид консулаас лавлаж асуухад “Хувь хүний итгэмжлэлээс өөр бусад материалд нотариат хийдэггүй. Тэр бол зөвхөн орчуулгын материал” гэсэн.

-Одоо та яах вэ?

-Хүн гүтгэсэн хэргээр Ким Чолхуныг хууль хяналтын байгууллагад өгнө. Хүнд хэрэгт гүтгэсэн, намайг. Ална гэсэн, барьцаалсан, хутга гаргаж ирсэн гээд. Энэ хэрвээ буруугаар ойлгогдоод би яллагдвал маш өндөр ял авахаар тийм гэмт хэрэгт зохиомлоор намайг гүтгэсэн. Бүх өргөдлөө бэлдчихсэн.

-Ким Чолхуны зүгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ нэг бичлэг үзүүлэхэд тэнд та “Ална шүү” гээд хашгираад байсан?

-Тэр ямар учиртай бичлэг вэ гэхээр бид нар Баруун хараагийн цагдаад тэмдэглүүлэх гээд гомдлоо өгөөд сууж байсан чинь тэр Солонгос гараа далайж ирээд миний толгой руу түлхдэг байхгүй юу. Гүтгүүлж дээрэлхүүлнэ, дээр нь толгойндоо гарч хүрч дээрэлхүүлнэ. Гадаадын иргэн ирчихээд намайг янз бүрээр дээрэлхлээ шүү дээ, ингэхээр хүн асна биз дээ. Би яагаад энэ хүнд цохиулах хүртлээ дээрэлхүүлэх ёстой юм, тэрийг цагдаа гэрчилнэ. Ийм л юм болсон тэр л бичлэг.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж