ЖДҮ-ийн мөнгийг энэ удаад улстөрчид биш банкныхан хүртэх нь ээ | News.MN

ЖДҮ-ийн мөнгийг энэ удаад улстөрчид биш банкныхан хүртэх нь ээ

ЖДҮ-ийн мөнгийг энэ удаад улстөрчид биш банкныхан хүртэх нь ээ

ЖДҮ-ийн мөнгийг энэ удаад улстөрчид биш банкныхан хүртэх нь ээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам олны анхаарлыг татаад байгаа ЖДҮХС-гийн зээлийг цаашид хэрхэн олгох талаар санал солилцох хэлэлцүүлэг зохион байгуулсан. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээлийг бодитоор нь хүргэх асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед зөвлөгөөнөөр ямар үр дүн, шийдэлд хүрсэн талаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Одоос тодрууллаа.


-ЖДҮХС-ийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт боллоо. Таныг өмнө нь энэ талаар санал санаачлага дэвшүүлж байсны хувьд, мөн яг жижиг дунд үйлдвэрлэгчидтэйгээ анхан шатанд нь хамтран ажиллаж байгаагийн хувьд энэ хэлэлцүүлгийн талаар байр суурийг тань сонсох гэсэн юм. Хэлэлцүүлэг амжилттай болов уу, ямар асуудлууд хэлэлцэв?

-Яамны зүгээс 100-гаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болоод ТББ-ын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, зээлийн журамд өөрчлөлт оруулах хувилбараа танилцууллаа. Эндээс харах юм бол 500-гаас дээш сая төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулан 9 хувийн хүүтэйгээр олгохоор яригдаж байгаа юм байна. Хэдийгээр ЖДҮ эрхлэгчдийн зүгээс энэ бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бус банкуудыг дэмжсэн зээл болох нь, үүнийгээ өөрчлөөч гэсэн санал тавьсан боловч Сангийн яамнаас ийм  чиглэл өгсөн гэсэн байр суурь илэрхийлж байна.

-9 хувь аа? Өмнө нь улстөрчдөд 3 хувийн хүүтэй зээл олгож байсан биз дээ? Тэгэхээр 6 хувь нь банкны шимтгэл, зардал уу. Үнэхээр л банкуудыг дэмжсэн зээл болохоор байгаа юм биш үү?

-ЖДҮХСангийн зүгээс тус сангийн ажилчдын тоо цөөн, хүн хүч хүрдэггүй гэсэн шалтаг тоочиж байна.  Ирүүлж байгаа бүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд ачаалал ихтэй, тиймээс банкуудаар дамжуулж олгохоос өөр аргагүй, бас банкаар дамжуулсан нь эрсдэлгүй  гэсэн тайлбар тавьсан. Үүнээс гадна энэ жил тус санд 47 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс аймаг бүрт нэг тэрбум буюу 21 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилсан, үлдсэн 26 тэрбум төгрөгийг сан болон банкаар дамжуулж олгоно гэсэн чиглэлтэй байна. Үүнд бас учир дутагдалтай тал байна. Жишээлбэл, Говьсүмбэр аймаг гэхэд 10 гаруй мянган хүн амтай, хамгийн олон хүн амтай аймаг гэхэд 120 гаруй мянган хүнтэй буюу бараг 10 дахин их хүн амтай байхад ижил төсөв хуваарилах нь буруу бөгөөд ямарч тооцоо судалгаагүй, эдийн засгийн үндэслэлгүйгээр ажилд хандаж байна. Мөн улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот болон 9 дүүргүүдэд төсөв хуваарилахгүй байгаад харамсч байна. Тиймээс хүн амын тоо болон тухайн орон нутгийн үйлдвэрлэлийн онцлог зэрэгт тохируулан төсвөө хуваарилах нь зүйтэй санагдаж байна. Мөн ЖДҮХСангийн ажилчид ачааллаа дийлэхгүй байгаа бол үйлдвэрлэлийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, борлуулалтын сезон зэргийг харгалзан төсөл сонгон шалгаруулалтаа өөр өөр саруудад хийж болно. Тухайлбал ХАА, Газар тариалангийн салбарын төслийг 3-4 сард авах, гэхдээ энэ салбарт энэ жил тэдэн төгрөгийн зээлийг тэдэн ААНэгжид олгоно гээд бүх зүйл нь ойлгомжтой баймаар байна.

-Та дүүрэг анхан шатны нэгжүүдэд зээлд хамруулж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг тухай ярьж байсан. Яг тухайн үйлдвэрлэгчдийн нөхцөл байдлыг мэддэгийн хувьд дүүрэг анхан шатны нэгжүүдээр дэд сангууд байгуулж 100 хүртэлх сая төгрөгийг олгох нь зүйтэй гэсэн санал хэлж байсан. Энэ санал дэмжигдэх нь үү?

-Саналаа хэлж л байгаа. Харамсалтай нь одоогоор ямар нэгэн дэмжлэг алга. Энд бас 500 саяас дээш төгрөгний зээлийг банкуудаар дамжуулна гэсэн байгаа. Гэтэл жижиг үйлдвэрлэгчид ялангуяа өрхийн үйлдвэрлэгчид нэг сая, таван сая төгрөгний зээл хүсээд олж авч чадахгүй байна. Мэдээж том үйлдвэрээ дэмжих нь зүй. Гэхдээ 20 хүртэл сая төгрөгийн зээл хүсч байгаа хүмүүсийн хувьд энэ ямар том хэмжээний дэмжлэг болж болохыг бид амьдрал дээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Би өмнө нь манай төвд зээл хүсч хандсан үйлдвэрлэгчдийн тоон үзүүлэлт болон тэдний хүссэн зээлийн хэмжээ зэргийг графикаар олон нийтэд танилцуулж байсан. 500-гаад  ЖДҮ эрхлэгч зээл хүссэн хүсэлт ирүүлснээс 320 орчим нь 1-20 сая төгрөгийн зээл хүссэн байсан. Саяын хэлэлцүүлгээр танилцуулсан бас нэг харамсалтай журам нь олгох зээлийн дээд хэмжээ нь  үйлдвэрлэл эрхлэгчийн сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрээс ихгүй байна гэсэн заалт оруулсан байсан. Энэ нь ЖДҮ эрхлэгчдийн хөгжиж томрох боломжийг хязгаарлаж байна. Жилд 20 сая төгрөгийн борлуулалт хийдэг үйлдвэр 40 сая төгрөгөөс дээш зээл авч чадахгүй гэсэн үг. Уг  нь ЖДҮ эрхлэгчдээ хөгжүүлье гэж ийм сан байгуулчихаад үнэн хэрэгтээ хөгжих боломжийг нь хязгаарлаж байна. Тухайн үйлдвэрлэгч үйлдвэрээ өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх гэж, бараа бүтээгдэхүүнийхээ чанар тоо хэмжээг нэмэх гэж зээл хүсч байгаа. Иймд энэ 2 жилийн борлуулалтын орлого гэдгийг ядаж 5 жилийн борлуулалтын орлого болгох шаардлага бий. Мөн энэ жилийн төсвөөс үлдсэн 26 тэрбум төгрөгийн зарцуулалтын асуудал ч ойлгомжгүй байна.

-Энэ мөнгөний зарцуулалтын асуудал дээр болон хэнийг, ямар үйлдвэрлэгчээ дэмжих хэрэгтэй вэ гэдэг дээр танд тодорхой санал бий юу?

-Манай ЖДҮХСангийхан эдийн засгийн ямар нэгэн тооцоо, судалгаагүйгээр ажилд хандаж байна. Уг нь эхлээд одоо мөрдөгдөж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн хамрах хүрээнд Монгол Улсын хэмжээнд хичнээн жижиг болон дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байгааг судалж гаргаж ирэх хэрэгтэй. Тэдгээрийгээ аймаг аймгаар нь, салбар салбараар нь нарийн гаргаж ирээд Монгол Улсад ямар салбар нь хөл дээрээ тогтсон, аль салбарын бараа бүтээгдэхүүнийг илүү дэмжиж хөгжүүлэх шаардлагатай,  тэдгээрийг дэмжихэд хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ гэдгээ эхлээд нарийн судалж маш сайн судалгаан дээр үндэслэж ажиллах хэрэгтэй. Тийм судалгаа гарсны дараа аль аймагт хэдэн төгрөг хуваарилахаа шийдэх ёстой байсан юм. Мэдээж энэ жилийн төсөвт суусан 47 тэрбум төгрөг бүгдийг нь дэмжиж хүрэхгүй ч судалгаатай бол алийг нь нэгт дэмжих вэ гэдэг нь тодорхой болох байлаа. Одоо үлдсэн 26 тэрбум төгрөгөө судалгаатай зарцуулаасай гэж хүсч байна. Мөн тэр мөнгөнөөс хэн авах вэ гэдгийг ойлгомжтой болгохын тулд тус мөнгөний 30 хувийг өрхийн болон бичил үйлдвэрлэгч, 30 хувийг жижиг үйлдвэрлэгч, 40 хувийг дунд үйлдвэрлэгчид олгоно гэх маягаар ойлгомжтой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол 26 тэрбумыг хоёр, хоёр тэрбумаар нь 13-хан компани ч авахыг үгүйсгэхгүй. Би энд яагаад өрхийн болон бичил үйлдвэрлэгч гэж хэлэв гэхээр одоо хүчин төгөлдөр байгаа жижиг дунд үйлдвэрийн тухай хуулинд өрхийн үйлдвэрлэгчид хамрагдаж байгаа.

-Өрхийн үйлдвэрлэгчдийг ЖДҮХСан-д хамруулахгүй гэсэн яриа байсан ?

-Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар бол өрхийн үйлдвэрлэгчид ЖДҮ эрхлэгч мөн. Өрхийн үйлдвэрлэгчдэд ЖДҮХСангаас зээл өгөхгүй гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчилж ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын орлогын доод хэмжээ болон ажилчдын доод тоог зааж өгөх хэрэгтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Chantsal 2019-03-26 66.181.160.74

Vildberlegchideee ylgalgvi tosold hamruulj zeel olgoh heregtei bn

Avatar

Zochin 2019-03-26 202.126.89.125

barin amnaac multraad chonin amand ochiloo doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж