Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, сурч, амьдардаг Монголчууд хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейбол, ширээний теннис, боулинг, теннис, үндэсний шагайн харваа гэх мэт спортын олон төрлөөр аваргаа жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ дотроос хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн нэр хүндтэй, хамгийн ихээр сонирхол татдаг нь Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн. Тэгвэл Америкийн Монголчуудын хөлбөмбөгийнхний хувьд энэ 2015 давхар ой тохиосон “дашням, балжиннямтай” жил болж байгаа билээ.
2001 оноос Америк дахь Монголчууд хөлбөмбөгийн уулзалт, тоглолт, тэмцээн анх зохиож эхэлсэн бөгөөд 2006 онд анх Колорадо мужийн Денвер хотноо таван муж, хотын төлөөллөөс бүрдсэн дөрвөн баг оролцсон анхны аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан бол энэ жил 10 дахь удаагийн тэмцээн 2015 оны тавдугаар сарын 22-24-нд “өлгий нутагтаа” буюу Денверт зохион байгуулагдах гэж байна. Денверээс түүхээ эхэлж Чикаго, Вашингтон Ди Си, Сан Франциско, Лас Вегас, Нью Жерси гээд томоохон хотуудад “мөрөө” үлдээсэн энэ тэмцээний 10 дахь удаагийнхийг зохион байгуулах эрхийг Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Холбооноос Денверийн Монголчуудад өгсний учир ийм. Энд нэг зүйлийг тодруулахад дэлхийн урлаг спорт, шоу бизнесийн төв болсон, олон сая оддын тоглолтоо хийхийг, тэмцээнээ зохиохыг “мөрөөддөг” цуут Лас Вегасын ногоон талбайд Монголчуудаас анхлан хөлбөмбөгийнхөн л аварга шалгаруулах тэмцээнээ зохион явуулж чадсан нь бас нэгэн бахархал.
Анхны “Денвер-2006” тэмцээнд дөрвөн баг оролцож, тэмцээн хоёр өдөр болдог байсан бол өдгөө насны хоёр ангиллаар явагддаг, гурван өдөр ургэлжилдэг , Монгол туургатан Халимаг, Буриад, Монголчуудын 16 баг оролцдог аргагүй л том тэмцээн болжээ.
Энэ бүгдийг зохион байгуулдаг, Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Холбоо ч энэ жил 10 нас хүрч байна. Аварга том Америк гүрний баруун , зүүн хязгаар, өмнөд, хойд, төвийн бүсийн томоохон хотуудад таран суурьшсан “нүүдэлчин” Монгол хөлбөмбөгчдөө удирдан зохион байгуулж, Халимаг, Буриад Хамаг Монголоо нэгтгэн “захирсан” Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн холбоо (Mongolian Soccer Association of America www.monamersoccer.org ) 2005 онд санаачлагдан зохион байгуулагдсан бөгөөд Нэгдсэн Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах бүртгэл, гэрчилгээтэй, үүрэг хариуцлага хүлээж, татвар, хураамжаа төлдөг “хөлд, хэлд” орсон “айл” болж чадлаа.
БИД бас туулж өнгөрүүлсэн түүх, дурсамжаа нэгтгэн “Америкийн Монголчууд: Манайхан, ХӨЛБӨМБӨГИЙНХӨН” ном гаргаж, бусад спортынхноо урин далласан номын цацал анхлан өргөсөн.
БИДНИЙ дундаас, 10 нас хүрч буй Америкийн Монгол хөлбөмбөгчдөөс Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин төрсөн.
БИДНИЙ дундаас Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч томилогдож байлаа.
БИДНИЙ дундаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч сонгогдлоо.
БИДНИЙ дунд улс орондоо үнэлэгдсэн эрдэмтэн доктор, эгэл жирийн нэгэн, Алтан соёмбот далбаагаа өргүүлж, алдар гавьяагаа байгуулсан тамирчид, ард түмэндээ танигдсан бизнесмэн ч бий.
БИДЭНТЭЙ хамт ар гэрийнхэн минь, ахан дүүс , анд нөхөд маань бий.
БИДНИЙ ирээдүйд Монголын , дэлхийн хөлбөмбөгийн одууд ч байгаа.
Тэгэхээр БИД, МАНАЙХАН , ХӨЛБӨМБӨГИЙНХӨН гэдэг Та бид бүгдээрээ билээ.
Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Холбоо