Posted by News.mn on Monday, March 25, 2019
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн баасан гаригт батлагдсан Татварын багц хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Шинэчилсэн хуулиар:
- 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжжилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө. Тодруулж хэлбэл, жилдээ 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой компани 100 мянган төгрөгийн татвар төлнө. Энэ категорит 34 387 аж ахуйн нэгж байгаа.
- 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, ашгийн нэг хувиар татвар төлнө. Үүнд 47 867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа.
- 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаад, 10 хувийн татвар төлөөд 90 хувийг нь буцаан авна. Үүнд 53 119 аж ахуйн нэгж хамаарна. Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргада байсныг хөнгөвчилж өглөө.
Татварын илүү төлөлтийг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгохоор хуульд тусгажээ.
Мөн татварын байцаагч нарын хариуцлагыг нэмэгдүүлсэн бөгөөд байцаагч аж ахуй нэгж, иргэнийг дарамтлах, хуулиар далайлгасан нь тогтоогдвол төрийн албанд ажиллах эрхийг нь 10 жилээр хасахаар заасан.
Түүнээс гадна хууль батлагдахтай зэрэгцэн ээж, аавынх нь өрийг үр, хүүхэд нь төлөх заалтыг шинэ хуульд оруулсан гэх шүүмжлэл гараад байсан юм. Тэгвэл өмнөх татварын хуулийн 10.3-т "нас барсан хүний өрийг залгамжлагчдад нь шилжүүлнэ" гэж байсныг "татварын торгууль хамаарахгүй" болгож өөрчилсөн.
Татварын тухай хуулийн 73.2.2-т заасан “татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол гадаадад зорчих боломжгүй” зүйл анги нь харьяалалгүй, гадаадын иргэнд хамаатай. Энэ заалтыг нарийвчлан тусгасан шалтгаан нь өнгөрсөн хугацаанд гадаадын иргэд Монгол Улсад их хэмжээний татварын өрөө төлөлгүй гадаадад гардаг явдлыг таслан зогсоох зорилготой аж. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Жишээлбэл, Хятадын хөрөнгө оруулалттай компани Оюутолгойд 72.1 тэрбум төгрөгийн татвартай өртэй байсан боловч, төлөлгүйгээр хилээр гарч явсан. G time гэж корпораци НӨАТ-ын 1.4 тэрбумын өртэй боловч бас хилээр гарч зугатсан. Татварын албанд өртэйгээс гадна олон мянган хүнийг хохироосон. Эдгээрийн улсад төлөх татварын өр 120 тэрбумд хүрээд байсан" учраас энэхүү заалтыг оруулсныг тодотголоо.
НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгоё гэсэн заалт шинэ хуулинд оржээ. Мөн амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол шинэ хуулиар зургаан сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм.
Нэг зүйлийг онцлоход энэ хууль ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Мөн Улаанбаатар хотоос 500 км алслагдсан аймаг, суманд аж ахуй нэгж байгууллага, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлөх бол 1000 км-ээс дээш алслагдсан бол татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан байна. Сангийн яамны тооцооллоор эл 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 11.600 иргэн, 141 аж ахуй байгаа бол 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах 8268 иргэн 55 аж ахуй нэгж байна гэж үзжээ.
Монгол Улсад 2006 оноос хойш эдийн засаг бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас татварын хуулийг улам нарийвчлах шаардлага үүссэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан юм. Тэрбээр “Монголд үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдгээр корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байна. Аль болох Монголд бага татвар төлөх гэсэн асуудал үүсдэг учраас энэ харилцааг зохицуулах холбогдох заалтуудыг тусгасан. Ашигт малтмал газрын тосны газраас бусад салбарууд Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж байгууллагууд гадаад болон дотоод зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгүй орлогод таван хувийн татвар ногдуулахаар болсон. Үүнд өмнө нь хувьцаа гэж байсныг хэлэлцүүлгийн явцад хассан. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор Арилжааны банкны гадаад дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл өрийн хэрэгсэлд буцаан гаргаж буй татварыг таван хувь болгохоор хуульд тусгалаа. Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуй нэгжүүдэд бус эрсдэлийг нь үнэлж шалгалтыг хийнэ. Иймд татварын алба, байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, улсын байцаагч албан тушаалын эрхээ хэтрүүлэх болон татвар төлөгчийн нууцыг задруулсан тохиолдолд 10 хүртэлх жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасахаар татварын багц хуульд тусгаж өглөө. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрөөр тайлбарлах боломжийг нь хааж өгсөн гэсэн үг. Ямар нэгэн хохирол учирвал гэм буруутай албан хаагч төлөхөөр тусгасан. Үндэстэн дамнасан корпорациудаас татвараа гүйцэт авдаг болно гэж үзэж байна. Хуулийн өөрчлөлт хийснээр бидэнд Европын холбооны хар жагсаалтад орох асуудал арилж, ийм эрсдэл дахин гарахгүй. Хоёрдугаарт 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдэж, татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрмийг хэрэгжүүлээд Монгол Улсад гаднын орнуудаас мэргэжилтнүүд ирж ажиллана. Ингэхдээ Үндэстэн дамнасан корпорацуудаас татварыг гүйцэт авдаг болох чиглэлд хамтарна. Мөн Татварын бүртгэл, мэдээллийн санг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Гааль, татварын мэдээллийг нэг системд оруулах чиглэлд анхаарч, энэ ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
Холбоотой мэдээ