Б.Сэр-Од олимпийн эрхийн нормативийг биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од олимпийн эрхийн нормативийг биелүүлэв

-Олон улсын хөнгөнатлетикийн холбооноос Олимпийн наадмын эрхийн цагийн нормативийг биелүүлсэн тамирчдын нэрсийг ирэх тавдугаар сард зарлана-

Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож, 2.10.15 цагийн амжилтыг үзүүлж, VI байрт орсон байна. Ням гаригт (IV.26) болсон тус марафонд 20.000 оролцогч оролцсон бөгөөд Б.Сэр-Од Олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр 2.38.51 цагийн хугацаанд замаа туулан барианд орсноор ирэх наймдугаар сард Бээжинд болох ДАШТ-ий эрхээ авсан байна.

Олимпийн наадмын марафоны эрэгтэйчүүдийн ангилалын эрхийн норматив 2.15.00 цагаас, эмэгтэйчүүд 2.43.00 цагаас дотогш гүйсэн тохиолдолд оролцох боломжтой аж.

Олон улсын хөнгөнатлетикийн холбооноос(IAAF) "РИО-2016" олимпийн наадмын эрхийн болзлыг хангасан тамирчдыг ирэх тавдугаар сард албан ёсоор зарлах аж.

Лондонгийн олимпийн наадамд Гавьяат тамирчин Б.Сэр-Од 105 марафончоос 51-рт байрт бариалсан билээ. (2012.08.12, Лондон.)

 

Өнгөрөгч хоёрдугаар сард Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метр замыг 2.38.43 цагт туулж, Олимпийн наадмын эрхийн болзлыг биелүүлж, улмаар гуравдугаар сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд 2.33.36 цагаар амжилтаа баталгаажуулсан. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Сэр-Од Олимпийн наадамд оролцох эрхийн нормативийг биелүүлээд байна.

Одоогоор манай улсаас буудлагын тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирсан. Тэгвэл хөнгөнатлетикийн хоёр тамирчин эрхийн нормативийг биелүүлээд байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж