Онлайн болзооны бизнест 12 тэрбум доллар эргэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Онлайн болзооны бизнест 12 тэрбум доллар эргэлдэж байна

Онлайн болзооны бизнест 12 тэрбум доллар эргэлдэж байна

Хайр сэтгэлтэй хосууд найз нөхөд, хамт ажиллагсдаараа дамжуулж, их сургуульд байхдаа, үдэшлэг цэнгээн, олон нийтийн арга хэмжээн дээр гэх мэт бодит амьдралаас нэгнийгээ олдог байсан бол орчин үеийн мэдээлэл технологи, харилцаа холбоо хөгжсөн эрин зуунд онлайн буюу цахим орчинд болзож, өөрт тохирох нэгнийг хайх болжээ. Нэгэн үе хориотой байсан цахим болзоогоор болзох хүмүүсийн тоо сүүлийн арваад жил хэд дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүмүүсийн энэ хэрэгцээг дагаад онлайн болзооны бизнес цэцэглэн хөгжиж байна.

АНУ-ын Станфордын их сургуулиас хосууд бие биетэйгээ хэрхэн танилцсан талаар судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнгээс 1960-аад оноос хойш хосуудын нэгэнтэйгээ танилцсан хамгийн түгээмэл арга замуудыг харж болохоос гадна тэдгээр арга замууд нь хэрхэн хувисч өөрчлөгдөж байгааг харуулах юм.  Судалгаанаас үзэхэд хосууд ихэвчлэн найз нөхдөөрөө, эсвэл гэр бүлийн хэн нэгнээрээ дамжуулж хоорондоо танилцдаг бол их сургуульд байхдаа, хамт ажиллагсад нэгэнтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болох тохиолдол ч элбэг байдаг байх нь. Мөн үдэшлэг, ресторан гэх мэт олон нийтийн газар, арга хэмжээн дээр, сүмд танилцах нь ч байна. Харилцагч үйлчлүүлэгчид хос болох тохиолдлууд ч их бий. Харин 1980-аад оноос буюу харилцаа холбоо, технологийн салбарын хөгжилтэй эн зэрэгцээд онлайнаар танилцах гэсэн шинэхэн харилцааны хэрэглүүр бий болж өнөөдрийг хүртэл зогсолтгүй өсч, 2000-аад оноос огцом өсөлттэй байгаа нь харагдаж байгаа юм.

ОНЛАЙН БОЛЗООНЫ АППЛИКЭЙШНУУД

Онлайн болзоо хүчээ авч байгаа нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аппликэйшнууд ихээр гарах болсонтой салшгүй холбоотой юм. АНУ-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг “Tinder”,”FlentyOfFish”, “Match.Com”, “Okcupid”, “Grindr”, “Bumble” гэх зэрэг аппликэйшнууд байдаг. Эдгээрийн эхний дөрөв нь “Match Group” гэх нэг компанийн бүтээгдэхүүн юм байна. Цахим орчинд болзохтой холбоотой 45 төрлийн үйлчилгээ үзүүлдэг уг компани нь энэ салбартаа монополь гэж хэлж болно. Хамгийн олон хэрэглэгчтэй “Tinder” аппликэйшнийг 2012 онд зөвхөн IPhone утсанд зориулан бүтээжээ. Улмаар хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний дагуу 2013 онд Android үйлдлийн системд ажилладаг болсон байна. “Tinder” нь бусад цахим болзооны үйлчилгээнүүдийг бодвол олон төрлийн төвөгтэй тохиргоо, шаардлага байхгүй, хэрэглэхэд хялбар гэдгээрээ ялгардаг.

Одоогийн байдлаар уг аппликэйшн нь дэлхий даяар 60 орчим сая идэвхтэй хэрэглэгчтэй, өдөрт хэдэн тэрбум хандалттай байдаг.

“Tinder”-ийг үйлчилгээнд нэвтрүүлснээс хойш үүнтэй адил хэдэн зуун аппликэйшн борооны дараах мөөг шиг л ар араасаа гарах болсон. Хөрөнгө оруулагчид ч энэхүү ашигтай, эрэлттэй бизнесийг тойроод өнгөрсөнгүй. Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар онлайн болзооны зах зээл 12 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байгаа ба энэ тоо цаашид ч тасралтгүй өсөх төлөвтэй байгаа юм.

MATCH GROUP  

Онлайн болзооны бизнесийн манлайлагч “Match Group”-ийг  мэдээлэл технологийн салбарын тэрбумтан Барри Диллер удирддаг бөгөөд АНУ-ын харилцаа холбооны “IAC” компанийн салбар компани ажээ. “IAC” компанийн удирдлагууд нэлээд эртнээс буюу 1999 оноос уг ашигтай бизнесийг олж хараад тухайн үед онлайн болзооны анхдагч вэбсайт байсан Match.com сайтыг худалдан авсан байна. “Match Group”-нь 2018 оны байдлаар 1,7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан ба уг компанийн эзэмшдэг олон аппликэйшнуудаас “Tinder” л гэхэд дангаараа 805 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Хэдийгээр “Match Group” энэ салбартаа монополь боловч сүүлийн жилүүдэд түүнд хоёр том өрсөлдөгч гарч ирсэн юм. Эхнийх нь 2017 онд гарч ирсэн “Bumble” аппликэйшн, гурван жилийн дотор маш хурдтайгаар өсч байгаа бөгөөд  23 сая хэрэглэгчтэй болж, нийт хөрөнгө нь 450 сая ам.доллар болсон. “Match Group” “Bumble”-ийг худалдаж авах санал тавьсан ч тэд зөвшөөрөөгүй учир “Bumble”-ийг оюуны өмчийн зөрчилд оруулахаар ажиллаж эхэлсэн байна.“Тэд манай компанийг худалдаж авах санал тавьсан. Гэвч бид үүнийг нь зөвшөөрөөгүй. Одоо тэд биднийг сүрдүүлж эхэлж байна. Бид ямар ч оюуны өмчид халдаагүй. Өөрсдийн гэсэн үнэ цэнэтэй компани” хэмээн “Bumble” хариу мэдэгдэл гаргажээ.

Дээрх хоёр компанийн хооронд зөрчил үүсч байх хооронд энэ салбарт дахин нэг том өрсөлдөгч орж ирсэн нь “Facebook”. Өдгөө дэлхий даяар 2,2 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том цахим сүлжээ 2018 онд өөрий үйлчилгээндээ дахин нэг шинэ үйлчилгээ буюу онлайнаар болзох үйлчилгээ нэвтрүүлсэн нь “Match Group”-т маш том цохилт болж, компанийн хувьцаа даруй 21 хувиар унасан. Харин сүүлийн үед “Facebook” сүлжээ ихээр доголдож, хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах болсноор “Match Group”-ийн хувьцааг бага багаар сэргээж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж