Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.
Д.Жаргалсайхан
эдийн засагч
“Улс төрийн ардчилсан тогтолцоо бэхжиж чадахгүй байгаа нь засаглалын гурван мөчир буюу хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх байгууллагууд нь инститүцийнхээ хувьд бэхжихгүй байгаатай шууд холбоотой. Шалтгаан нь эдгээр байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт үргэлж өөрчлөгдөж, боловсон хүчнээ авьяас чадвараар биш, намын дарга нартаа хэр ойроор, намдаа өргөсөн хандивын хэмжээгээр томилж буй явдал. Намууд нь мөнгө, санхүүгээ төр засгийн албан тушаалыг худалдах, тендэрт ялуулах аргаар босгож, түүнийгээ нуун дарагдуулж, бага багаар гишүүд нь ч дасчихсан учир төр засаг авлигад төгс баригдаад байна. Эдийн засаг нь төрийн өмч томорч, хоол хүнс, түлш шатахуун, эрчим хүч, орон сууц, барилгын материалын үнийг засгийн тушаалаар тогтоож, газрын далд наймаа цэцэглэхийн хэрээр чөлөөт зах зээлийн замаасаа улам даялан холдсоор байна. Төр засгаас хөнгөлөлттэй зээл олгох, татварын түвшинг алагчлан бууруулах, иргэдэд бэлэн мөнгө олгох тусам чөлөөт өрсөлдөөн унтарч байна. Төрийн оролцоо томрох тусам авлига тэлж, хувийн хэвшил хумигдаж улмаар эдийн засгийн жам ёсны хөгжлийг гацааж, ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байгаа юм.”
Эх сурвалж: baabar.mn
С.Эрдэнэ
Ардчилсан намын дарга
“Намын хувьд огт байгаагүй зүйлийг бий болгож чадсан. Улс төрийн амин сүнс болох нам үзэл баримтлалаа тодорхой болгоно гэдэг маш чухал. Өмнө нь АН-ын үзэл баримтлал тодорхойгүй байсан. Энэ тодорхойгүй байдлаас гаргаж чадсан нь шинэчлэлийн хамгийн том бодлого байлаа. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ хууль ёсны албан ёсоор зарласан. Энэ бол АН-ын үзэл санааны туг. Хэн нэгэн лидер, хэсэг бүлэг хүнийг дагаж намын бодлого явах бус нам өөрөө үзэл санааныхаа тугийн үнэт зүйлээ хамгаалах боломжийг бүрдүүлсэн. Хэн нэгэн эсвэл С.Эрдэнээс үл хамааран намын үзэл баримтлалынхаа тугийг хамгаалах ёстой гэдэг зарчим АН-ын шинэчлэлийн том ажил гэж хэлнэ. Дээр нь намын бүх шатны төлөөллийн байгууллагууд 80-90 хувь нь шинэчлэгдлээ. Анхан, дунд, дээд шатны бүх удирдлага 100 хувь шинэчлэгдсэн зэрэг нь дараагийн үед ажиллах, бодлого тодорхойлоход оролцох бүх боломжийг нээж өгсөн нь шинэчлэлийн хоёр дахь том ажил.”
Эх сурвалж: news.mn
Холбоотой мэдээ