Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр одоогоор Монгол Улсад 2.4 сая төл бойжиж байна. Энэ нь нийт төллөх малын 8.6 хувь нь төллөсөн үзүүлэлт аж. Энэ жил улсын хэмжээнд 29.5 сая эх мал төллөх юм байна. Үүнээс 2.5 сая нь төллөсөн бөгөөд төл бойжилт 96.5 хувьтай байна.
Төв аймгийн хувьд мал төлөлт хамгийн өндөр, төл малын бойжилт мөн өндөр хувьтай байна. Тус аймагт 2188623 эх мал төллөх бөгөөд үүний 32.6 хувь нь төллөж одоогоор 712 мянга гаруй төл бойжиж байна. Яамнаас өгсөн мэдээллээр тус аймаг төл малын нэг ч хорогдолгүй байгаа гэнэ. Дээрх аймагт төл бойжилт 100 хувьтай байж, онц дүн авсан бол Баянхонгор аймагт төл бойжилт хамгийн муу буюу 38.5 хувьтай байна. Тус аймагт нэг сая 955 мянган эх мал төллөхөөс одоогоор 8.5 хувь нь буюу 166 мянган гаруй мал төллөжээ. Гэвч 73 мянга гаруй төл бойжиж байгаа нь төл бойжилт бусад аймгаас хамгийн мууд тооцогдоод байна.
Түүнчлэн нэлээд хэдэн аймагт төл бойжилт 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Төв аймагт мал төллөлт 0.7-16 хувьтай байгаа ч төл бойжилт 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
МАЛ УСГҮЙДЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Харин дараах аймгууд их цастай байна. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цастай байна.
Төвийн аймгууд, тэр дундаа Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын тухайд цас бага орсон тул мал усгүйдэх эрсдэл үүсч байна. Тиймээс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах хүрээнд худаг, уст цэгийг завсарлах, шинээр худаг гаргах шаардлагатай байгаа ажээ.
4000 ТОНН ӨВС, 3000 ТОНН ТЭЖЭЭЛИЙГ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙГӨӨР ОЛГОНО
Засгийн газрын өнгөрсөн сарын 27-ны хуралдаанаар хаваржилт хүндэрсэн аймгууд буюу Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс зэрэг найман аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр Баян-Өлгий аймагт олгоод байна.
Учир нь Баян-Өлгий аймагт энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25 мянган толгой мал зүй бусаар хорогдож, 26 мянган хээлтэгч хээл хаяжээ. Мөн тус аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөлтөд хүндрэл учрах төлөвтэй байгаа аж.
Холбоотой мэдээ