"Талийгаачид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй"

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

"Талийгаачид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй"

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хэргийг өмгөөлж буй “Өмгөөллийн төв” консалтингийн өмгөөлөгч Д.Баттулгатай дээрх хэргийн үйл явцын талаар ярилцлаа.


-Талийгаач шүүгч Л.Бямбаа агсны хэргийн шалгалтын явц ямар шатанд яваа вэ?

-Энэ хэрэгт гурван өмгөөлөгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар талийгаач Л.Бямбаагийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар мэдээлж байгаа. Дүгнэлт гарсан уу?

-Одоогоор ямар нэг байдлаар өмгөөлөгч нарт талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан зүйл байхгүй байна. Хэрэв дүгнэлт гарсан бол бидэнд мэдэгдэх ёстой. Гэвч одоогийн байдлаар мэдэгдээгүй байна. Мөн хохирогчийн ар гэрт мэдэгдээгүй байгаа. Хэнээс, хаанаас шүүхийн шинжээчийн дүгнэлт гарч тэр дүгнэлт нь гаднын нөлөөгүй гэж тайлбарлаад байгааг мэдэхгүй. Ер нь хуульч хүн өөрийнхөө харсан нотлох баримтад үндэслэж тайлбарладаг. Тэгэхээр одоогоор талийгаачийн задлан шинжилгээний хариу гарсан гэж хэлэхэд эрт байна. Бид энэ хэрэгтэй холбоотой хүсэлтүүдээ хуулийн байгууллагад тавьсан.

-Хуулийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа. Үүнд өмгөөлөгч нар ямар байр суурьтай байна вэ. Талийгаачийн хяналтын камерын бичлэгтэй танилцсан уу?

-Миний хувьд камерын бичлэгтэй танилцаагүй. Эцсийн дүндээ амиа хорлосон уу, үгүй юу гэдгийг шүүх шийдэх ёстой. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс амиа хорлосон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Талийгаач амиа хорлох хэмжээний сэтгэлзүйтэй хүн байгаагүй. Үүнийг ар гэрийнхэн нь ч мөн хэлдэг. Бид өмгөөлөгчийн байр сууринаас харахад талийгаачийг амиа хорлосон гэж дүгнэхэд учир дутагдалтай.

-Талийгаачийн байрлах өрөөнөөс гурван ширхэг гэрээслэл олдсон гэдэг мэдээлэл бий. Дээрх гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдсан?

-Миний хувьд гэрээслэл гь үнэхээр баттай мэдээлэл үгүй юу гэдгийг мэдэхгүй. Хэргийн материалтай бүрэн танилцсаны дараа л хэлэх боломжтой.

-АТГ-аас тухайн үед талийгаачийг ямар үндэслэлээр шалгаж байсан юм бол. Мөн та бүхний зүгээс талийгаачийг хууль бусаар хорьсон гэх мэдээллийг өгч байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Хохирогчийн ар гэр, өмгөөлөгч нарын зүгээс талийгаачийг хуулийн байгууллагууд хууль бусаар хорьсон гэдэг байр суурьтай байна. Үүнийгээ бид нар олон нийтэд илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд /ЭХХШ/ зааснаар хууль сахиулагч нарыг ямар тохиолдолд сэжигтэнг баривчлах, ямар тохиолдолд цагдан хорих гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Үүний дагуу явахаар талийгаачтай холбоотой хэрэгт хуулийн өөр зохицуулалт гарч ирдэг. Эндээс хуульч нар дүгнэлт хийхэд талийгаачийг хууль бусаар хорьсон байна гэсэн агуулга харагдаж байгаа.

-Хууль бусаар хорьсон гэдэг нь шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьсон асуудлыг та хэлж байна уу?

-Тийм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4.5-т шүүхийн зөвшөөрлөөр баривчлах хугацааг зааж өгсөн. Үүнд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг 48 цагаас хэтрүүлэхгүй байх ёстойг заасан байдаг. Гэтэл талийгаачийн хувьд шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагаа явагдаагүй. 2019 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө талийгаачийг шөнийн 00.40 цагт баривчлагдсан гэж ярьдаг. Эндээс хойш 24 цагийн хугацаатай гэж тоолох юм бол 23-ны өдрийн 00.40 цагт саатуулах хугацаа дуусах ёстой. Тэгтэл дээрх хугацаанд суллаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад талийгаачийг 24-ны өдрийн 00.15 цагт амиа алдсан талаар дуудлага мэдээлэл бүртгэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө баривчлах ажиллагаа явагдсан байгаа юм.

-Ямар тохиолдолд сэжигтэн яллагдагчийг 24-48 цаг хүртэл хорьдог юм бэ?

-Баривчлах ажиллагаа хэрхэн явагддаг вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.5 дах прокурор уг саналыг хүлээн авснаас хойш баривчлагдсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 22-ны Баасан гаригт талийгаачийг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 буюу хээл хахууль өгөх гэдэг зүйл ангиар татсан. Ингэж яллагдагчаар татахдаа сэжигтэнд буюу талийгаачид тухайн үедээ яллагдагчаар татах тогтоол танилцуулсан байх.

Яллагдагчаар татсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ нь арай өөр байдаг.

Нэгэнт яллагдагчаар татсан бол түрүүчийн хэлснээр сэжигтний статус нь дуусгавар болж Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдах ёстой. Сэжигтний статуст байхад яллагдагчаар татах юм бол тухайн яллагдагчийг баривчилна гэдэг ойлголт манай хуульд байхгүй. Ялангуяа талийгаачид Баасан гаригт цагдан хорих санал очсон юм шиг байгаа юм. Тэгэхээр шүүх ажлын цаг дуусчихсан ирэх Даваа гаригт хүсэлтийг авъя гэдэг цаг товлосон байгаа юм.

Хуульд зааснаар яллагдагчаар татсан бол баривчлах гэдэг ойлголт байхгүй учраас тэр дор нь суллах ёстой.  Өөрөөр хэлбэл, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цаг, шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай цагдан хорьдог.

-Өмгөөлөгчдийн зүгээс талийгаачийг баривчлах явцад өмгөөлөгч аваагүй нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн асуудлыг ярьж байна?

-Үндсэн хуульд зааснаар хүн ямар ч тохиолдолд өмгөөлөгч авах эрхтэй. Нэгдүгээрт талийгаач бол хуульч хүн. Талийгаач хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгчтэй оролцъё гэдэг хүсэлтийг ар гэрийнхний зүгээс ч илэрхийлсэн. Энэ бол нийтэд ил мэдээлэл. Талийгаачаас мэдүүлэг авах хийгээд амиа алдах хүртэл нэг ч удаа өмгөөлөгч оролцоогүй. Нэг ёсондоо хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

-Та бүхний зүгээс АТГ-ын мөрдөгчдөд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан?

-Өнөөдрийн байдлаар цагдан хорих ангид хүн нас барсантай холбоотой асуудлыг Мөрдөн байцаах албаны онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг шалгах хэлтсүүдэд шалгаж байгаа. АТГ-ын мөрдөгч хууль тогтоомж зөрчсөн байна уу гэдэг асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас бид холбогдох байгууллагад хүсэлтүүдээ тавина.

-АТГ-ын мөрдөгчдөд эрүү үүсгэн шалгах үндэслэлтэй юу?

-Хэрвээ хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-АТГ-аас талийгаачийг авлигын хэрэгт холбогдсон талаар тайлбарлаж байгаа?

-Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг үндсэн зарчимтай. Гэтэл шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад талийгаачийн талаар мэдээлэл өгч байгаад өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байна.

-Талийгаачтай холбоотой асуудлаар ямар байгууллагад хүсэлт хүргүүлсэн бэ?

-Бидний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ зэрэг байгууллагуудад хүний эрхийг хууль бусаар зөрчиж, түүнээс шалтгаалж хүний амь нас хохирсон асуудал, мөн хуулийн байгууллага эрх мэдлийн хэмжээгээ хэтрүүлсэн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж