Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар бүрдсэн “Номын их хүрээг нээсэн нь” сарьдагийн хийдийн судалгаа тусгай үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Тус үзэсгэлэнд Сарьдагийн хийдэд хийсэн хоёр жилийн малтлага судалгааны явцад илрүүлсэн олдворуудаас дээжлэн 150 гаруй үзмэрүүдийг дэлгэн тавьжээ.
Өндөр гэгээн Занабазар олон тооны сүм хийдийг байгуулсны нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших Төгс баясгалант Номын их хүрээ буюу Рибогэжайганданшадублин хийд юм. Тус хийд тухайн үедээ шашны томоохон төв болж байсан бөгөөд есөн барилга, гурван суваргаас бүрддэг байна.
Олноо Сарьдагийн хийд хэмээх алдаршсан хийдийн турийг шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулууны санаачлагаар 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж буй “XVII зууны Монголын хотууд” төслийн хүрээнд археологийн малтлага судалгаа хийж эхэлсэн байна. Малтлага судалгааны дүнд уран нарийн хийц бүхий барилгын шавар чимэглэл, язгуурын таван бурхан болон асар том хэмжээтэй бурхдын шавар баримал, тал хэвэнд цутгасан бурхдын шавар дүр зэргийг илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд Занабазар судлалд нэн их ая холбогдол бүхий хэрэглэгдэхүүн цуглуулжээ. Мөн Өндөр гэгээний бүтээсэн энэхүү хийдээс эртний монголчуудын ялтсан хуяг, дуулга, илд,цахиур буу, цагаан шаазан цом зэрэг тахил шүншигийн холбогдолтой эд өлгийн зүйлс болон алт, мөнгө, эрдэнийн чулуу зэрэг XVII зууны үеийн эдийн соёлыг нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой биет олдворуудыг илрүүлэн олж судлан шинжилж байна.
“Номын их хүрээг нээсэн нь” тусгай үзэсгэлэн 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 28-ны хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Б.БИЛГЭЭ