Дуулиант хэргүүд ба АТГ-ын тайлбар

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд ба АТГ-ын тайлбар

Төрийн алба хашиж байсан дуулиант эрхмүүдэд холбогдох хэргүүд өнөөг хүртэл шийдэгдэхгүй хэвээр байна. Олны анхааралд байгаа хэргүүдийг тоймлон хүргэе.


С.БАЯРЦОГТЫН ДАНСНЫ ХУУЛГА: ГУРВАН БАЙР СУУРЬ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд Швейцарь дахь айлчлалынхаа үеэр оффшор бүс дэх С.Баярцогтын таван ч дансны хуулгыг авчирсан гэж мэдээлж байсан. Ингээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт, Авлигатай  тэмцэх газрын /АТГ/ байр суурийг хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Би айлчлалын бүрэлдэхүүний гишүүний хувьд, мөн УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн даргын хувьд олон нийтэд тодорхой мэдээлэл өгсөн. Швейцарийн холбооны улсын талаас Монголын талд С.Баярцогтын "Credit Suisse AG" банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг айлчлалын баг авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмын дагуу ГХЯ-аар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан” гэсэн юм.

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ: Оффшорын асуудлаар гуравдугаар сарын 19-ны өдөр сэтгүүлчдэд тайлбар хийсэн. Энэ үеэр  “2019 оны нэгдүгээр сарын 11-нд өөр асуудлаар АТГ гэрчийн мэдүүлэг авах үед нь би хэлсэн. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас материал наашаа өгүүлэх гэж байгаа юм билээ гэдгийг хэлээд манай өмгөөлөгч надаас үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу гэхээр нь би эсэргүүцэл гаргах шаардлагагүй, харин миний өгсөн мэдүүлэг болон материалуудыг баталгаажуулаад энэ хэрэг хурдан хаагдана, надад бол ашигтай гэсэн. Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарын холбооны улсын нааш нь ирүүлэх гэж байгаа бүх материал манай өмгөөлөгчөөр дамжуулаад надад түрүүлээд ирчихсэн. Та нарт байгаа юу гэж асуухад АТГ байхгүй гэж хэлсэн. Энэ материалаа өгч болох уу гэхээр нь өгөлгүй яахав. Учир нь эдгээр материал миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас би бүгдийг нь өгсөн. 700 гаруй хуудас материалыг хэвлэж өгсөн. Бүрэн эхээрээ одоо надад байна. Өөрөөр хэлбэл, АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан. Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг үйлсийн талаар бодоход дипломат шууданг задалж уншсан, эсвэл шуудан дамжуулж байгаа хүн нь энд ийм материал байгаа гэж тайлбарласан байх гэж бодож байгаа юм” гэв.

 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР: Сангийн сайд асан С.Баярцогтой холбоотой дансны хуулгын асуудлын  талаар Монгол Улс Швейцар улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлдэг гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг гадаад улс орнуудтай байгуулсан. Тухайн улс оронд бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй учраас Авлигын эсрэг хуульд заасан эрх зүйн баримт бичгийг бид үндэслэл болгоод тухайн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа талаар урьд хэвлэлийн хуралд хэлж байсан. Энэ хүрээнд манай байгууллага тухайн улс орны мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад түүний үр дүнд бий  болсон нотлох баримтууд бидэнд ирж байгаа. Энэ нотлох баримтыг Гадаад харилцааны яамаар дамжуулаад Улсын ерөнхий прокурорт хянагдаад хоёр хоногийн өмнө буюу баасан гаригт бидний гар дээр ирсэн.

НАЙМАН ШҮҮГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ХАНДЖЭЭ

АТГ-аас хоёрдугаар сарын 13-нд  нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийн хэрэг  нээн шалгаж байна. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын  зургаан шүүгчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр мөрдөн шалгаж байгаа юм. Гэхдээ Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа, Н.Хангал нарын шүүгчид орлогоо нотолсон байна.

Тэгэхээр үлдсэн гурван шүүгчээс гадна дахин таван шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн асуудлаар шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Тиймээс найман шүүгчийг хуулиар олгогдсон бүрэн эрх дархтай учраас  мөрдөн шалгах явцад хүндрэл бэрхшээл учирдаг учраас албан үүргийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ АТГ  прокурорын байгууллагад  хүргүүлжээ.

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад дараах хэргүүдийг шилжүүлжээ.

Д.ГАНТУЛГЫН ХЭРЭГТ  ХУУРАМЧ ДҮГНЭЛТ ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдон Баянзүрх дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хохирогчийн эгч Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд нөлөөлсөн” хэмээн Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлсэн юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн/ШШҮХ/ Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир, ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нар  нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг баллажээ.

Түүнээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим ажилчдыг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шалгаж байгаа аж. Тодруулбал,   Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаантай хэрэгт шинжээчээр  оролцохдоо хятадуудаас хахууль авсан хэрэгт холбогдоод буй. Хэрэгт холбогдогсод нь ШШҮХ-ийн Бичиг судлалын лабораторийн шинжээчид юм.

 Н.ЭНХБААТАР ХӨРӨНГИЙНХӨӨ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАЛГҮЙ ӨДИЙГ ХҮРЧЭЭ

"МИАТ" ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Н.Энхбаатар нь өөрийн эд хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлэн нуун далдалж, өөрийнхөө хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй юм. Тэрбээр "МИАТ" ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авсан байдаг. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ийнхний хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна. Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл өмнө нь цацагдсан юм.

Н.Энхбаатарыг өнгөрсөн оны долдугаар сарын 23-ны орой  АТГ-аас баривчлан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай саатуулсан юм. Хуулийн хугацаа дуусахад прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байдаг. Харин шүүх “Батлан даалтад гаргая” гэдэг шийдвэрээ гаргажээ.

“МИАТ” ТӨХК-ийн дэд захирал Н.Энхбаатарын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж эхэлжээ. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сард “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, хууль эрх зүй, эрхэлсэн дэд захирлаар томилогдсон байна. Түүний холбогдсон их хэмжээний авлигын асуудалд “МИАТ” ТӨХК-д  очсон өөр хэд хэдэн хүн нэр холбогджээ. Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир, МИАТ” ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Э.Мөнхмарал нарыг дурдаж болно.

Автотээврийн үндэсний төвийн  /АТҮТ/ дэд дарга Б нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж ахуй нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан билээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАН  УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтггч,  2016-2017 онд ажиллаж байсан Д.Оюунчимэг нь Эрүүл мэндийг дэмжих сангийн 2012-2013 оны хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах”, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөөс 14,598,750 төгрөгийг хувьдаа завшиж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж