УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2018.03.26/ хаалтаа хийнэ. Ээлжит бус чуулганаар нийтдээ найман асуудал хэлэлцэхээр товлосон. Тодруулбал, Татварын багц хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, тендерийн хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, АТГ-ын дарга, дэд дарга, Ерөнхий прокурорын орлогчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх байсан.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ “ТҮҮХИЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТЭЙ БАТЛАГДАВ
Долоо хоногийн хугацаанд хуралдсан ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг батлав. Татварын багц хуулийг дагаж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг шинэчилсэн. Европын холбооноос Монгол Улсын хар жагсаалт руу оруулах эрсдэлтэй, ОУВС-аас татварын орчныг сайжруулах зэрэг шаардлагуудын хүрээнд Татварын багц хуулиудыг хэлэлцэж, баталсан. Сангийн яамнаас жил гаруй хугацаанд хуулиа боловсруулж, хэлэлцүүлж, намрын чуулганаар батлуулахаар зэхэж байсан ч эрх баригчдын “зодоон” УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зөвхөн албан тушаал, эрх мэдлийн асуудал хэлэлцсээр өдийг хүрсэн. Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх чухал хууль нь Татварын багц хууль байсан. Гэвч олон нийт цаг минут тутамд гарч буй дуулианд анхаарлаа хандуулах зуур энэ хууль “чимээгүй” батлагдав. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудыг ч тусгаж амжсан.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь зарим заалтууд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж ажлын хэсэг болон байнгын хороог дахин хуралдуулсныг эс тооцвол цаг давчуу, хангалттай хэлэлцүүлэг хийгдээгүй, зарим гишүүд ч хуулийн төсөлтэй бүрэн танилцаж амжилгүйгээр батлагдав. Татварын багц хууль нь иргэн, аж ахуй нэгж төр хоорондын харилцааг аль алиных нь эрх ашгийг хохироохгүйгээр батлагдах ёстой ч иргэд анхаарсангүй, парламент ч нухацтай хэлэлцэхгүйгээр батлагдав.
ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АГЕНТЛАГТАЙ БОЛНО
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар баталсан. Өөрөөр хэлбэл, төрийн ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгох тендерийн хуульд 23 дахь удаагийн өөрчлөлтийг оруулсан нь энэ. УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хуультай нэгтгэж, боловсруулсан. Хуулийн төслийн дагуу яам, агентлагийн худалдан авах ажиллагааны бие даасан агентлаг болж, нэгтгэгдэнэ гэсэн үг. Мөн хуульд орсон нэг гол өөрчлөлт нь тендерийн маргаан. Зөвхөн 2018 онд гэхэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бүтээн байгуулалт, ажил гүйцэтгэхээр зарлагдсан тендерийн 30 хувь нь биелсэн бол үлдсэн 70 орчим хувь нь нэг ч ажил хийгдээгүйгээр төсөвт мөнгө нь буцсан. Энэ бүхний гол шалтгаан нь сонгон шалгаруулалтад оролцсон компаниуд сонгогдоогүй болон бусад шалтгаанаар шүүхэд хандах явдал. Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хуульчлаагүй, хариуцлага хүлээдэггүй байж. Тиймээс энэ удаад хуульд хариуцлагын асуудлыг тусгажээ. Гэхдээ энэ хуульд ийм олон удаа өөрчлөлт оруулж байхаар нэг мөсөн шинэчлэн найруулах, түр зуурын аргалах төдий хууль оруулж ирлээ гэдгийг хэлэх гишүүд олон байсан юм. Ялангуяа төрд ажиллагсад мэдээлэл ойр байгаагаараа далимдуулан өөрийн хамаарал бүхий компаниудад тендер авах, тэгш сонгон шалгаруулалтыг хийж чаддаггүй, тендерийн үнэлгээний хорооны бүтэц зэрэг олон шүүмжлэлүүдийг дагуулсан. Мөн л халтуурдсан хууль боллоо гэдгийг хэлэх хүн олон байгаа юм.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ ДАРГАТАЙ БОЛОВ
Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилов.2018 оны аравдугаар сард ЗХЖШ-ын даргыг өөр ажилд томилох саналтайгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан билээ. Гэвч түүний оронд томилох хүнийг оруулж ирэхгүй дөрвөн сарын дараа 2019 хоёрдугаар сарын 3-нд намрын чуулган хаах өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн. Тиймээс ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг оруулж, байнгын хороо болон чуулганы хуралдаанаар дэмжсэн. Чуулганаар дэмжсэний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох зарлиг гаргасан юм.
АТГ-ЫН ДАРГЫН ТОМИЛГООГ ТОХИРОЛЦОЖ ЧАДСАНГҮЙ
Энэ удаагийн ээлжит бус чуулганы хамгийн гол анхаарал татсан асуудал бол АТГ-ын дарга болон дэд даргын томилгоо, Ерөнхий прокурорын орлогчийг томилгоо байсан. Гэвч эрх баригчдын зүгээс эдгээр томилгооны асуудлыг яаралтайгаар хэлэлцэх асуудал биш хэмээн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээс татгалзсан юм. Үнэн хэрэгтээ АТГ-ын даргад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдийн хүнээ томилохыг зүтгүүлсэн боловч тохиролцож чадаагүй учраас энэ асуудлыг хойшлууллаа хэмээн улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. Угтаа бол энэ асуудлаар ҮАБЗ өчигдөр уулзаж, ярилцах байсан. Гэвч эрх баригч намын бүлэг эдгээр асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй хойшлуулсан нь тохиролцож чадаагүй эсвэл хэн хэн нь өөр өөрсдийн хүнээ тавихыг хүссэн байхыг үгүйсгэмгүй.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх бөгөөд төлөвлөгдсөний дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, батлаад хаалтаа хийх болов уу. Хуулийн төсөлд тусгасан алтны татварыг 2,5 болгох, тав хэвээр нь үлдээх маргаан одоо ч үргэлжилж буй. Зарим гишүүдийн зүгээс татварыг хэвээр байлгах саналтай байгаа ч Монголбанкны зүгээс алтны нөөцөд нөлөөлж байна гэдгийг онцлоод байгаа юм. Ийнхүү долоо хоногийн турш хуралдсан ээлжит бус чуулган зарим нэгний зорилгыг биелүүлсэн бол зарим нэгний хүслийг гүйцээсэнгүй өндөрлөх бололтой.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ