Гуравдугаар сарын 1-нээс өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хуулийн байгууллагын томилгоог хэлэлцэхийг “үүрэгдсэн” Ерөнхийлөгчийн албан хүсэлтийг хүлээж аваагүй ч, УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар энэ сарын 18-нд эхэлсэн ээлжит бус чуулган гурван хуультай л завсарлаж байна. Энэ удаагийн ээлжит бусаар хэлэлцэх гол асуудал нь АТГ болон прокурорын байгууллагын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн “захиалга” байсан юм.
Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хуулийн байгууллагыг өөрчлөх акц удаа, дараа өрнүүлж байгаагийн нэг нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, АТГ болон прокурорын байгууллагын удирдлагуудыг солих албан хүсэлт. Гэвч, МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаас хуулийн байгууллагын томилгоог хойшлуулсанд хамгийн их гонсойж хоцорсон нь Ерөнхийлөгч бөгөөд тэрбээр Г.Занданшатарт чадуулсан мэдрэмж түүнд төрж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрд мөнхийн найзууд байдаггүйг мөнхийн ашиг сонирхол дээр төдийгөөс өдий хүртэл улс төр хийж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга сайн мэдэхтэйгээ биз ээ.
АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар маргаан үүссэн учраас томилгоог хойшлуулах нь хуулийн шалтгаантай байж болох ч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэнэ гэх нэрээр шалтаг гаргаж байгаа МАН-ын бүлэг ердөө л Ерөнхийлөгчийн хүсэлтэд тойруугаар “үгүй” гэж хэлж буй нь энэ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс А.Цэрэнсодномыг УЕП-ын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Г.Занданшатарт бичиг хүргүүлэхтэй зэрэгцэн МАН-ын бүлгийн гаргасан шийдвэр нь санамсаргүй давхцал гэж хэлэхэд хэцүү. Улс төрд санамсаргүй, тохиолдлын гэх зүйл угаасаа ч ховорхон байдаг хойно.
МАН-ын бүлгийн гаргасан шийдвэр бол МАН-ын даргын шийдвэрээс ялгаагүй юм. Үндсэндээ, ээлжит бусаар хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх Ерөнхийлөгчийн хүсэлтийг МАН-ын бүлэг хойшлуулснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр хоёрын зам, эрх ашиг нэгэнтээ жамаараа салж буйн илрэл юм. Товчхондоо, УИХ-ыг, засагтай нь атгаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй эрх мэдлээ хуваалцахыг хүсэхгүй байна гэсэн үг.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дөрөө харшуулж ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зам салах нь тодорхой, харин цаг хугацааны хувьд хэзээ гэсэн ганц асуулттай байсан. Учир нь, У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай харьцуулахад рейтинг ч илүү, эрх мэдлийн хувьд бүр ч илүү.
МАН-ын 64 суудлын дийлэнх нь түүний хүмүүс, дээр нь унаган багын найзаа УИХ-ын дарга болгосон У.Хүрэлсүх тэнэг биш бол яалаа гэж хуулийн байгууллагын эрх мэдлийг Х.Баттулгад өгөх билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн “захиалгыг” хэлэлцэхгүйгээр ээлжит бус чуулганыг завсарлуулж байгаа нь хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх томилгоо дээр Монголын нэг, гуравдугаар хүмүүс хоорондоо тохиролцож чадсангүй гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд “их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч боллоо.
Үнэндээ, У.Хүрэлсүх АТГ болон прокурорын байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгчид өгвөл өөрөө өөрийнхөө хүзүүнд олс угласантай ялгаагүй болно. Улс төрд унаж, босож явсан хүний хувьд У.Хүрэлсүх үүнийг мэдээж, хамгийн түрүүнд тооцсон байж таараа. Тэр тусмаа сонгуулийн чимээ хаяанд ирчхээд байхад, гэнэн тэнэг загнах эрх том намын том даргад байх ёсгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн захиалсан хөгжмийг тоглохгүй хойшлуулсанд улстөрчийнх нь хувьд У.Хүрэлсүхийг буруутгах учиргүй билээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр У.Хүрэлсүх супер Ерөнхий сайд “төрүүлж” чаддаггүй юм аа гэхнээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсч яваа нь мэдээж. Энэ хүртэл явж ирсэн хүний хувьд, тэгээд ч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэсэн үгтэй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөртөө Ерөнхийлөгчийн холбоотон мэт байвч, маргааш хамгийн том өрсөлдөгч нь байх болно. Үргэлж Ерөнхийлөгчийн сүүдэр дор улс төр хийж, хоёрдугаар хүн байх нь У.Хүрэлсүхэд угаас зохихгүй. Өөрөө үүнийг хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр хоёр жилийн дараа У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хонь, чоно болсон байх магадлал хамгийн өндөр юм. З.Энхболд, С.Эрдэнэ хоёрын "нөхөрлөл" дууссан, Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын үзэн ядалт ба, "хайр дурлал"-аас харвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын "шохоорхол" удаан үргэлжлэхгүй. Угаасаа ч хувь хүмүүсийнх нь огцом, түргэн араншин, холын том амбиц болоод өнөөдрийн улс төрийн тогтолцоогоо бодсон ч тэдний үерхэл “үүрд мөнх” байх огтхон ч боломжгүй билээ.