“Да хүрээ” зах нь автомашин, сэлбэг хэрэгсэл, эд ангийг нэг дор борлуулдаг гэдгээрээ бусад захаасаа онцлог, олны хөл тасардаггүй. Тус захын баруун талд Монголд орж ирээд явсан автомашинууд, зүүн талд нь хилээр орж ирсэн автомашинуудыг зардаг. Монгол Улсад 900 гаруй мянган машин бүртгэлтэй байдгаас зөвхөн нийслэлд 400 гаруй мянган нь өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцдог. Өөрөөр хэлбэл, нэг сая гаруй иргэний тал хувь нь машинтай гэсэн үг. Тэгвэл сүүлийн үед авто машин худалдан авалт буурсан, хүмүүс шинэ машинаас илүү хуучин машин сонирхох болсон талаар ярилцах болсон. Тиймээс бид автомашины худалдаа, худалдан авалт ямар байгаа талаар бид энэ удаад сурвалжиллаа.
Биднийг “Да хүрээ” захаас сурвалжлага бэлтгэхээр очсон өдөр амралтын өдөр таарсныг хэлэх үү, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Автомашин борлуулж буй худалдаачдын ярьж буйгаар иргэдийн суудлын автомашин худалдан авах чадвар өмнөх жилүүдийнхээс буурчээ. Машины худалдаа нь зорилтот бүлэгт зориулагддаг бөгөөд худалдан авагчаас санхүүгийн чадамж шаарддаг. “Да хүрээ” захын ченжүүд сардаа нэг, заримдаа нэг ч автомашин борлуулж чадахгүй болсноо хэлж байлаа. Борлуулалтгүй болсонд олон зүйл нөлөөлж буйг дурдав. Машины ченж Б.Жаргалын хэлснээр суудлын автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор машины үнэ өссөн, дээр нь зах зээлд төгрөгийн ханш буурснаас худалдан авалт буурсан хэмээн тайлбарлаж байлаа. Мөн 2017 оны гуравдугаар сард суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас хамаарч, онцгой албан татварын хувь хэмжээг 40-250 хувиар нэмэгдүүлжээ. Энэ нь мөн борлуулалтыг бууруулсан гэж тайлбарлалаа.
2006 оноос өмнө Монгол Улсад суудлын автомашин онцгой татваргүй, насжилтын ямар нэг хязгаар байгаагүй ба 2006 оны зургадугаар сарын 29-ний өдрийн Онцгой албан татварын хуулиар 0-3, 4-6, 7-9 жилтэй ба 10 –аас дээш жилтэй гэсэн насжилтын шатлал оруулж, хэт хуучин машинд өндөр татвар тогтоож хязгаарлалт хийж байжээ. Харин 2010 онд хабрид, цахилгаан, газаар ажиллах автомашинуудыг татвараас бүрэн чөлөөлсөн. Насны хязгаар тавиагүй. Ингэснээр насжилт өндөртэй хабрид загварын автомашины борлуулалт сайжирсан байна. Үнэ хямд байдаг нь худалдан авалтыг нэмэгдүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, автомашинд ногдуулах татвараас хамаарч борлуулалт саарч, нэмэгдэж ирсэн гэсэн үг юм.
Нэг хэсэг зөвхөн гангарах гэж машин худалдаж авдаг байсан бол одоо илүү хэрэглээгээ бодож машин худалдаж авдаг болсныг худалдагчид хэлж байлаа. Сэлбэг хэрэгсэл нь элбэг, бензин бага иддэг машиныг иргэд түлхүү худалдан авдаг байна. Ийм суудлын машинуудын нэг нь PRIUS болжээ.
“Prius 20” маркийн автомашин дөрвөн жилийн өмнө 11 сая төгрөгөөр борлуулагддаг байсан бол энэ жил 12.5 -15.5 сая төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Харин Prius 30 маркийн авто машин 15-22 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байна гэж машины ченж н.Төмөрхуяг хэлсэн юм.
“Да хүрээ” захад зөвхөн Япон улсад үйлдвэрлэгдсэн суудлын автомашинууд зарагддаг бөгөөд дундаж үнэ нь 17.5 сая төгрөгийн үнэтэй байна. Суудлын автомашины хувьд өнгөнөөсөө хамаараад үнэд нь өөрчлөлт ордог ажээ. Хөдөө орон нутгийн иргэд туулах чадвар өндөр, өөрөөр хэлбэл ачаа тээшний багтаамж ихтэй машиныг голчлон сонирхдог гэж худалдаачид хэллээ.
Мөн таван хүн тутмын гурав нь автомашиныг арилжааны банк болоод банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч худалдан авдаг, сүүлийн гурван жилд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авагчдын тоо ихэссэн байна. Хэдийгээр ББСБ-ын сарын хүү 2-2.9 хувийн хооронд байдаг ч банктай харьцуулахад шаардлага бага, түргэн шуурхай байдаг нь хувиараа бизнес эрхлэгчид хялбар байдаг аж. Иймээс тэд ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагад хандаж, зээлээр автомашин худалдан авдаг байна.
Мөн худалдан авагчдын ажлыг хөнгөвчилж зарагдаж буй машинууд болон сэлбэг хэрэгслийн мэдээллийг онлайнаар авах боломжийг олгон Dahuree.mn сайтыг ажиллуулдаг бөгөөд энэхүү сайтаа аппликэйшн хэлбэрт оруулж ирэх дөрөвдүгээр сард эхний байдлаар хэрэглэгчдэд хүргэх талаар “Да Хүрээ Трейд” ХХК-ны Маркетингийн менежер Н. Уянга хэллээ.
Б.ЕСҮХЭЙ
Холбоотой мэдээ