“NEWS” агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа Дамдины Хаянхярвааг онцолж байна.
Дарханы тодотголтой, парламентын ахмад гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа барилгын инженер, эдийн засагч мэргэжлийг 1986 онд хойд хөршид эзэмшжээ. Ингээд Дархан хотдоо 1993 он хүртэл эдийн засагч мэргэжлээрээ ажиллаж улмаар найман жилийн турш Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 оноос өдгөөг хүртэл УИХ-д Дарханчуудыг төлөөлж байна.
Анх улс төрд улс төрийн орлогчоор хөл тавьсан Д.Хаянхярваа гишүүний хувьд гурав дахь удаагаа сонгогдож, бүлгийн дарга, Сангийн сайд, байнгын хорооны дарга гээд хариуцлагатай албуудыг хашиж байсан. МАН дотор өсч яваа амбицтай хүний тоонд зүй ёсоор багтаж байсан тэрбээр МАН-ын даргад өрсөлдөхөө зарласанд нь гайхах хүн тун цөөхөн байсан юм. Гэвч энэ удаагийн парламент, тэр дундаа МАН дотор хоёр хуваагдсан эрх ашиг МАН-ын гишүүд төдийгүй Д.Хаянхярваа гишүүнийг ч М.Энхболдын "хүн" гэх тодотголтой уяж орхисон. МАН одоогийн нөхцөлд У.Хүрэлсүх, М.Энхболд гэсэн хоёр эрх ашигт хуваагдаж байгаа бол Д.Хаянхярваа М.Энхболдын талд зогсч байгаа, цаашид ч зогсоно гэдгээ тэрбээр хэлж байсан удаатай. Намын нөхөд нь зангаа хувиргаж, М.Энхболдыг түлхэхэд тэрбээр "Би энэ хүнийг өмөөрч байгаадаа биш нөхөрлөж, ойр явсан, өдийг зэрэгт хүртлээ дэмжүүлж, дэмжлэг авч байсан хүмүүс нь энэ хүнийг дэвсэлж байгаад харамсч байна" хэмээн хэлж байсан нь МАН-ын олон залууст хүрсэн гэдэг. У.Хүрэлсүх намын эрх мэдлээ авсны дараа Шадар сайд, зам тээврийн сайдын албан тушаал амлаж байсан ч тэрбээр М.Энхболдод үнэн нөхөр хэвээр үлдсэн юм. Түүний хувьд хамгийн онцлох улс төрийн донсолгоотой үе нь энэ парламент байлаа. Ялангуяа 2018 он түүний хувьд улс төрийн карьер нь өгсөж, уруудсан жил байсан гэж хэлэхэд ойртох болов уу.
Тэр хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг хатуу самар, арга ч үгүй биз, туршлага юунаас ч илүү.
Парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй ахмад улстөрчийн хувьд 2016 сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийг тэрбээр толгойлсон. Найрамдлын хотоор овоглож их улс төрд хөл тавьсан түүний тухай хар, цагаан олон мэдээллүүд хэвлэлээр хөврөх нь энүүхэнд. Хамгийн сүүлд тэрбээр 65-ын бүлгийг хагалан бутаргагч хэмээн нэр зүүв. УИХ-д 65 суудал авч үнэмлэхгүй олонх болсон намын бүлгээ Д.Хаянхярваа гишүүн хоёр жил гаруй хугацаанд удирдаж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд УИХ дахь бүлгийн 65 гишүүнийхээ эв нэгдлийг хангаж чадаагүй нь үндсэндээ бүлгийн даргаасаа мултрах гол шалтгаан болсон гэж хэлж болно. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн хурлын үеэрээ “Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй" гэж хатуу мэдэгдсэнээр тэрбээр сул гишүүн болсон. Хоёр жил гаруйн хугацаанд бүлгээ удирдаж, МАН-ын задралыг харин ч сайн "барьж" чадсан гэдгийг ч намын гишүүд нь хэлэх юм билээ.
Бүлгийн даргаасаа буусны дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажиллагааг гардаж, гарын үсэг цуглуулж явсан нь түүнийг бүлгийн даргынхаа албан тушаалаас буусныхаа хариуг авч байна гэж хардах хүмүүс байсан. Гэхдээ энэ үйлдлээ ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэйгээ хариуцлага тооцох үндэслэл гэж тайлбарлаж байсан удаатай. Ийн эрх баригч намд гал ассан тухайн үед тэрбээр “Би болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ард түмнийхээ дэмжлэгийг авна. УИХ-ыг тараана, дараа нь Засгийн газрыг огцруулна. Эцэст нь өөрөө огцорно” гэж хэлж байлаа. Улмаар Засгийн газрыг огцруулах гарын үсгийг гишүүдээс цуглуулж, МАН-ын хоёрдохоо байгуулсан Засгийн газрыг дахин унагаахыг оролдсон ч үлдсэн юм.
Үүгээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн улс төрийн акц түр өндөрлөсөн гэж хэлж болно. Тэрбээр улс төрийн их хэрүүлээс залхсан уу гэлтэй сүүлийн үед үг дуу нь ихэд цөөрсөн. Уг нь бүлгийн даргаас буусныхаа дараахан “Хууль дүрэм хэцүү болсон юм байна гэж харж байна, гэхдээ цаашдаа хэлэх зүйлээ хэлнэ, хязгаарлуулахгүй” хэмээн хэлж байсан удаатай.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль
- 1986 онд ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч
- 1989-1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
- 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
- 1990-1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
- 1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
- 1993-2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
- 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2010-2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2018 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
ШАГНАЛ:
- 1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
- 2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
- 2003 онд Алтангадас одон
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос
Холбоотой мэдээ