Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн компани болох “Korean Air” компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага Японы Хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Такэда Косукэг тус компанийн ажилтнуудаас уучлалт гуйхыг шаардсан байна.
Түүнийг гуравдугаар сарын 19-ны өдөр Өмнөд Солонгосын “Gimpo” олон улсын нисэх буудлаас Япон руу нисэх гэж байхдаа “Korean Air” компанийн ажилтантай маргалдаж, түүнд гар хүрч, тэр ч бүү хэл Солонгос улсыг үзэн яддаг хэмээн хашхирсан хэмээх гомдол тус компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагад гуравдугаар сарын 22-ны өдөр иржээ.
Тодруулбал, тухайн өдөр Такэда нь хувийн ажлаар Өмнөд Солонгост ирээд эх орон руугаа буцах гэж байсан ба хэт их согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир нисэх буудлын ажилтан түүнийг онгоцонд суулгахаас татгалзсан байна. Энэ үед Такэда ундууцан эсэргүүцэл үзүүлж, “Korean Air”-ийн ажилтанд халдан, “Солонгос улсыг үзэн ядаж байна” гэх зэргээр хашхирсан гэв. Ингээд нисэх буудлын цагдаа нар түүнийг саатуулан, хэдэн цагийн дараа суллаж эх орон руу нь буцаасан байна. Энэ явдлаас хэд хоногийн дараа Такэда цахим сүлжээндээ “Би согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан. Уурандаа тийм үг хэлсэн нь үнэн. Гэхдээ ямар ч улс төрийн шалтгаан байгаагүй, мөн ажилтанд гар хүрээгүй” хэмээн бичжээ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ажилтан зөвхөн үйлчилгээний журамд заасны дагуу зохих арга хэмжээг авсан. Тиймээс Такэда ёс зүйгүй үйлдэл гаргасандаа албан ёсоор уучлалт гуйж, ажилтны сэтгэл санааны хохирлыг барагдуулах ёстой. Хэрэв үгүй гэвэл бид түүний төрийн албан хаагчийн статусыг авхуулах хүртэл арга хэмжээ авхуулна хэмээн мэдэгдэж байв.
Такэдагийн хувьд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ онгоцоор зорчих гэж оролсон анхны тохиолдол биш бөгөөд энэ хэргээс хоёрхон хоногийн өмнө Японоос гадагшаа нисэх гэж байхад нь мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаанаар “Japan AIrlines” компанийн ажилтнууд түүнийг онгоцонд суухыг хориглосон байна.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ