-УИХ-ын дарга улстөржих ёсгүй. Гэвч зарим хуулийн төслийг оочёр дараалал харгалзахгүй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг хэдэн сар жилээр дардаг-
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх хоёр асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар маргааш Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцүүлэхтэй холбогдуулж, УИХ –д ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болсон аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын тэргүүтэй гишүүдийн судалснаар тэтгэврийн зээлийн хүүг 4-5 хувиар бууруулах боломж бий. Тиймээс энэ асуудлаа тавьж, тус байнгын хорооноос давхар тогтоол гаргуулах ёстой гэсэн шийдлийг бүлгээс гаргажээ. Бүлгийн хувьд өнгөрсөн хугацаанд үнийн өсөлттэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, малчдын тэтгэврийн насыг урагшлуулах, НДШ төлөөгүй малчны шимтгэлийг нь нөхөн төлүүлж, ирээдүйг нь баталгаажуулах зэрэг хэд, хэдэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ-аар хэлэлцэхгүй байгаа аж. Энэ хүрээнд асуудлаа шахаж ажиллах юм байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд энэ долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын асуудалтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дээрх асуудалтай холбогдуулж санаачлан мэдүүлж байсан хуулийн төслүүдээ анхаарах аж. Засгийн газраас өргөн мэдүүлэхээр зэхээд байгаа татварын 11 хуулийн төслийн 4-5 нь өмнөх парламентын үед буюу МАН-ын олонхи байхдаа, мөн цөөнх болсны дараа өргөн мэдүүлсэн төсөл багтаж байгаа аж. Тухайлбал, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1 хувь болгох, одоо 10 хувь байгаа аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 142 мянга байсныг 195.500 болгосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч байгаа цалинг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа аж. Тийм учраас эдгээр хуулийн төслийг хэлэлцэх шаардлага тавина гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Тэрээр “УИХ-ын дарга бол нэг намын дарга бус, хууль тогтоох байгууллагыг удирддаг тул улстөржих шаардлагагүй гэдэг шаардлага тавих болно. УИХ-ын дарга улстөржих ёсгүй. Гэвч зарим хуулийн төслийг оочёр дараалал харгалзахгүй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг хэдэн сар жилээр дардаг" гэлээ.
УИХ-аар энэ долоо хоногоос эхэлж Тавантолгойн асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Энэ асуудалд бүлэг ямар байр суурь барьж байгааг сэтгүүлчид бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ дахь МАН-ын бүлгээс Тавантолгойн асуудлыг судлуулахаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж нухацтай судалгаа хийж байна. Ажлын хэсгээс гарах дүгнэлттэй холбоотойгоор бүлэг байр сууриа гаргана. Бүлгийн хувьд анхнаасаа “Иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа амилах ёстой, Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн зарчмын байр суурь хэвээр хадгалагдана. УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэх эсэхийг нь эхэлж шийдчихээд дараа нь асуудлыг нухацтай хэлэлцэж болно” гэсэн хариулт өгсөн юм.
Г.ДАРЬ