&#34MMС-ийн 1.2 тэрбум ам.долларын өрөнд Тавантолгойг өгөх нь сүүлийн 1000 жилийн хамгийн том гэмт хэрэг&#34

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

&#34MMС-ийн 1.2 тэрбум ам.долларын өрөнд Тавантолгойг өгөх нь сүүлийн 1000 жилийн хамгийн том гэмт хэрэг&#34

 

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, СЗХ-ны гишүүн, Компанийн засаглалын үндэсний төвийн тэргүүн Д.Ганбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Тэд “Эрдэнэс Таван толгой” ХК дотоодын болон олон улсын хууль тогтоомжуудыг зөрчин, Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэх гэж байна гэсэн юм.

 

СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛИЙН ТУРШ ИРГЭДЭЭСЭЭ АСУУДАГ БОЛЪЁ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЬЕ ГЭЖ ЯРЬСАН Ч ЭНЭ БОДЛОГО ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Энэ нь эрх баригчид дуртай шийдвэрээ гарган, эх орноо худалдана гэсэн үг биш. Ард түмний баялгийг идэж уух гэсэн дон хэрээс хэтэрч байна. Монголд улс төрийн нам байхүй болсон. Би өмнө нь ч ингэж боддог  байсан. УИХ-д орж ирээд 2 жил болоход энэ нь улам батлагдлаа. Олигархи бүлэглэлд суурилсан хэсэг бүлэг этгээдүүд төрөөр тоглосоор ирлээ. Намын нэр барьсан дээрэмчид л байна. Авлигын тогтолцоо аалзны тор шиг сүлжчихсэн. Энэ заваан тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

 

Манай төр 100 сая ам.долларын өртгөөр энэ ордын хайгуулыг хийж илрүүлсэн. Бид энэ хөрөнгийг ОХУ-д төлсөн шүү дээ.

 

Оюутолгойн төсөл хүнд байдалд байна. Гадныхны хүссэнээр нь энэ төслийг явуулах гээд байна. Таван толгойн төслийг мөн адил хятадуудад хүссэнээр нь өгөх гэж байна. Манай төр 100 сая ам.долларын өртгөөр энэ ордын хайгуулыг хийж илрүүлсэн. Бид энэ хөрөнгийг ОХУ-д төлсөн шүү дээ. Таван толгойн нүүрс ердөө 500-700 метрийн гүнд буюу ил шахуу байдаг, бага зардлаар олборлох нүүрс. Жоркийн аргачлалаар ордын нөөцийг нийт 7.3 тэрбум тонн гэсэн нь 180 тэрбум ам.доллорын хөрөнгө гэсэн үг.

 

Чонотой нийлсэн гэрийн нохой чононоос илүү аюултай гэж бид ярьдаг. Гэтэл Энержи ресурс компани гэсэн бүлэг этгээдүүд энэ ордыг эзэмшихээр санаархаж байна.

 

Олон улсад нэр хүндтэй Мүүдис агентлаг Хонконгод бүртгэлтэй ММС компани 1.2 тэрбум ам.долларын өртэй гээд зарлачихсан. Бид Таван толгойгоо энэ өрөнд тавиад туух уу? Тэднийг дампуурлаас аврахын тулд бэлэг болгон өгөх үү? Энэ бол сүүлийн 1000 жилийн хамгийн том гэмт хэрэг болно. Тэд энэ хүслээ биелүүлэхийн тулд төрийн өндөр албан тушаалтнуудыг, Ерөнхийлөгчийг ч авлигадсан. Учир нь Ерөнхийлөгч ард түмнийхээ талд үйлчлэхгүй байна. Засгийн газарт ч Энержи ресурсын төлөөлөл ороод суучихсан нь сонирхлын зөрчилтэй хэлцэл болохыг харуулж байна. Авлигын сүлжээтэй компани гэдгийг монгол даяараа мэднэ.  

 

1072 ширхэг хувьцааг иргэдээс асуулгүй эрхийг нь шилжүүлэх гэж байна. Гэтэл бид сүүлийн хэдэн жилийн турш иргэдээсээ асуудаг болъё, иргэдийн оролцоог нэмье гэж ярьсан. Төрийн энэ бодлого хэрэгжихгүй байна. Иргэдийн хувьцааг гадныханд бэлэглэхээр УИХ-д тулгаж байна. Энэ тохиолдолд хувсгал хийхээс өөр зам бидэнд үлдэхгүй. Уг нь би эвийн замаар, хуулийн замаар болж бүтэхгүй байгаа бүхнийг өөрчилье гэж УИХ-ын гишүүн болсон ч тэвчээр барагдаж байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэхгүй гэсэн улстөрч Монголоор дүүрэн байна”.

 

Д.Ганбаяр, СЗХ-ны гишүүн, Компанийн засаглал үндэсний зөвлөлийн тэргүүн

 

ТӨСЛИЙН ТЭЗҮ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ХУВИЛБАРЫГ ОЛОН НИЙТЭД ИЛ ГАРГАХ НЬ ЗӨВ

 

“2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс тавантолгой" компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд  үнэ төлбөргүй эзэмшүүлэхэрэ болсон. Одоогоор 553 ААН Эрдэнэс таван толгой компанийн хувьцааг эзэмшиж байна. Үүн дээр 2.1 сая иргэн нэмэгдэнэ. Зарим иргэн нэг сая төгрөг бэлнээр авсан, олон тооны оюутан сургалтын тэтгэлэг хэлбэрээр 500 мянган төгрөгийг сургалтын төлбөрөөсөө суутгуулснаар хувьцаа эзэмшигчдийн тоо багассан. Таван толгой компанийн нийт хувьцааны 15 хувийг иргэд, ААН эзэмшиж байгаа юм.

 

 

Тун удахгүй буюу энэ сарын 29-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Гэтэл энэ хуралд зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцох эрхтэй, Санхүүгийн үйл ажиллгааны талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэж заажээ.

 

Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ биш, форвард хэлцэл. Гэрээний нэр, агуулга зөрж байна.

 

Гэтэл тухайн ХК их хэмжээний хэлцэл хийх гэж байгаа бол Үндсэн хуулийн 5.2 5.3 дугаар зүйл болон Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчид заавал хуралд оролцох учиртай. Хуралд оролцуулахгүй гэдэг нь бидний хувьцаагаа захиран зарцуулах эрхийг зөрчиж, энэ эрхийг төслийн компанид шилжүүлэх гэж байна. Иймд бид Ерөнхий сайд болон М.Энхсайхан сайд, Эрдэнэс Таван толгойн ТУЗ-д шаардах бичиг хүргүүлсэн. Консерциумтай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд сонирхлын зөрчил байна. "Эрдэнэс тавантолгой" ХК ордын лицензээ эзэмших ч төслийн компанийг Энержи Ресурс болон Шинхуа Энержи хамтран эзэмшинэ.

 

Бас нэг зүйл дурдах хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ биш, форвард хэлцэл. Гэрээний нэр, агуулга зөрж байна. Форвард хэлцэл нь худалдах, худалдан авах эрхийг шилжүүлэх хэлцэл” гэсэн юм.

 

 

Тэрээр М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн олон улсын хууль тогтоомжийг ч зөрчих гэж байна гэсэн юм.

 

Учир нь Энержи Ресурсын охин компани болох ММС-гийн нийт хувьцаа эзэмшигчдийн 49 хувь нь гадны хувьцаа эзэмшигчид. Энэ компани мөн л их хэмжээний хэлцэл хийж байгаа учир бүх хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэн, хурлаа хийж, хурлын протоколоо баталгаажуулах ёстой гэнэ.

 

1072 ШИРХЭГ ХУВЬЦАА ХЭЗЭЭ АМИЛАХ ВЭ?

 

Ямартаа ч Компанийн засаглалын зөвлөл энэ сарын 29-нд болох “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд ААН-үүд болон хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцох ёстой гэж үзэж  байна. Мөн тэд "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалах боломжтой учир энэ ажлыг ч хэрэгжүүлэх шаардлага тавьлаа. Энэ хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалах хүртэл бид саналын эрхгүй хвээр байх юм.

 

Үүний сацуу төслийн ТЭЗҮ болон Хөрөнгө оруулалтын гэрээний Англи хэл дээрх хувилбарыг олон нийтэд ил гаргах нь зөв гэсэн юм. Эдгээр шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй бол энэ пүрэв гарагт Чингисийн талбайд жагсана гэдгээ ч Ж.Батзандан гишүүн анхааруулав.

 

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор Эрдэнэс тавантолгой ХК 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж зарласан юм. Түүний 2.1 тэрбум ширхэг хувьцааг 2.1 сая иргэдийн нэр дээр бүртгэсэн. Энэ нь компанийн нийт хувьцааны 14 хувь аж. Мөн 550 гаруй аж ахуйн нэгж 8 сая 497 мянган хувьцааг эзэмшиж байгаа аж.

 

Эх сурвалж: gogo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж