Тарих суулгацаа хямдралтай үнээр аваарай

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Тарих суулгацаа хямдралтай үнээр аваарай

Улс орныхоо иргэн бүрт мод тарьж ургуулах мэдлэг чадвар нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг улс даяар хийж буй билээ. Энэхүү ажлын хүрээнд “Тарьц суулгац-2015” үзэсгэлэнг өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Хүрэлсүх, БОНХАЖЯ-ын Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулга  нар хүрэлцэн ирж тус үзэсгэлэнг нээсэн юм.

“Тарьц суулгац-2015” үзэсгэлэнгийн гол зорилго нь “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнд”-д оролцох иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тарьц, суулгацаар хангах, мод тарьж ургуулах дэвшилтэт арга технологийг олон нийтэд сурталчлах мэргэжил арга зүйгээр хангахад чиглэгдсэн байна. Тус үзэсгэлэнд нийт 38 аж ахуйн байгууллага оролцож байгаа бөгөөд мод суулгацыг хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010оны 63 тоот зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг зохион байгуулснаар  нийт 10 удаа мод тарьсан. Энэ  тарилтаар давхардсан тоогоор 9007 мянган иргэн, 37000 аж ахуйн нэгж нийтдээ 7,3 сая мод тарьсан байна. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд аймаг орон нутаг болгонд тарьц суулгацын үзэсгэлэн салбарлан гарч байгаа. Мөн Улаанбаатар хотын дүүрэг бүрт салбарлаж гарна. 5 сарын 9-ны мод тарих өдрөөр хүмүүс мод тарих хүсэл нь байдаг ч тарьц суулгацаа хаанаас авахаа мэддэггүй, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө авдаггүй тул үзэсгэлэн гаргах замаар сургалт зохион байгуулж  хос цогц үйл ажиллагааг явуулж байна” хэмээн ярьсан юм.  

“Тарьц суулгац-2015” үзэсгэлэн худалдаа 2015 оны дөрөвдүгээр сарын 27-29-ныг дуустал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үргэлжилнэ.

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж