Цалингийнхаа ихэнх хэсгийг амьдралын боломж тааруу сурагчдаа сургахын тулд зарцуулдаг, Кенийн тосгоны сургуулийн багш Питер Табичи 179 орны 10 гаруй нэр дэвшигчийг манлайлж, “Дэлхийн шилдэг багш” шагнал хүртэн, нэг сая ам.долларын эзэн болжээ.
Өдгөө 36 настай, Кенийн Рифтийн хөндий дэх алслагдсан Пвани тосгоны дунд сургуульд математик, физикийн багшаар ажилладаг тэрбээр “Варки Фаундэйшн” сангаас жил бүр олгодог “Дэлхийн шилдэг багш” шагналыг хүртсэн байна.
Францисканчуудын шашны бүлгэмийн гишүүн Питер Табичи шагналаа Дубайд жүжигчин Хью Жекманы зохион байгуулсан арга хэмжээн дээр гардан авчээ. Тэрбээр шагналаа гардаж авсныхаа дараа “Африкийн залуу үеийнхэнд асар их нөөц бололцоо бий” хэмээн онцолсон байна.
Табичи багш сар бүр цалингийнхаа 80 хувийг амьдралын боломж тааруу сурагчдадаа сурах бичиг, дүрэмт хувцас авахад нь туслах зорилгоор зарцуулдаг ажээ.
Кенийн тус сургуулийн сурагчдын 90 гаруй хувь нь ядуу гэр бүлийн хүүхдүүд, гуравны нэг нь өнчин, өрх толгойлсон эцэг эхтэй аж. Мөн тус тосгонд бэлгийн хүчирхийлэл, өсвөр насны хүүхдийн жирэмслэлт, сургууль завсардалт, амиа хорлох явдал нийтлэг юм байна. Сурагчдын олонх нь өглөө бүр хичээлдээ 7 км алхаж ирдэг бөгөөд ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл өндөр аж. Тосгоны сургууль ганцхан компьютертэй, маш муу интернэт холболттой, багш оюутны харьцаа нь 58:1 байдаг байна.
Табичи "Авьяасыг хөхиүлэн дэмжих клуб" байгуулж, сургуулийн шинжлэх ухааны клубыг өргөжүүлж, сурагчдад энэ чиглэлийн чанарын судалгааны төсөл боловсруулахад нь тусалдаг ажээ. Табичийн сурагчид үндэсний болон олон улсын шинжлэх ухааны тэмцээнд оролцож, бүр Британийн Хатан хааны Химийн нийгэмлэгийн шагнал хүртжээ.
Питер Табичи багш хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдүүдийн гэрээр байнга эргэж тойрч, насанд хүрээгүй охиноо гэрлүүлэх гэж байгаа эцэг, эхчүүдэд сургуулийг нь заавал төгсгөхийг ятгаж зөвлөдөг байна.
“Варки Фаундэйшн” сангаас жил бүр олгодог “Дэлхийн шилдэг багш” шагналыг үүсгэн байгуулагч, Энэтхэгийн бизнесмэн Санни Варки “Энэ шагналын гол зорилго нь багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөх юм. Питер Табичи багшийн түүх багш болох хүсэлтэй хүн бүрт урам зориг өгнө” гэж хэлжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ