Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн санаачлагаар хоёр дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа “ЭЭЖ БОЛ ЕРТӨНЦ” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2018.06.02/ Монголын Хүүхдийн Ордонд боллоо.
Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон Засаг даргын орлогч болон хороодын Засаг дарга нар болон одонгоор энгэрээ мялаасан эхчүүдийн ар гэр, үр хүүхдүүд оролцлоо.
“Ээж бол ертөнц-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогч нарт хандаж ИТХ-ын дарга Б.Цэрэн “Үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлж, зөв иргэн болгон төлөвшүүлэх нэр хүндтэй албыг нүүр бардам хашиж яваа та бүхэндээ үр хүүхдүүдийнх нь нэрийн өмнөөс, халамжит ханийнх нь нэрийн өмнөөс болон энэ ажлыг зохион байгуулж байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс халуун талархал, гүн хүндэтгэлийг илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. “Амжилттай яваа эр хүн бүрийн ард амжилтыг нь тэтгэж байдаг эмэгтэйчүүд байдаг гэдэг. Үүнтэй би зуун хувь санал нэг байдаг. Учир нь миний хань ч гэсэн алдарт эхийн одонтой, ар амьдралыг дааж явдаг хүндэтгэхгүй байхын аргагүй та бүхний нэгэн адил сайн ээж, сайхан хань байдаг. Энэ танхимд суугаа эхчүүд бүсгүйчүүд та бүхний хань болсон бүх сайхан эрчүүддээ “Та ч гэсэн алдарт аав шүү” хэмээн энэ дашрамд хэлэхийг хүсч баяр хүргэе” гэлээ.
Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Алдарт эх"-ийн одонгоо энгэрээ мялааж буй хамгийн залуу ээжид одонг гардуулж өгөв. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУСГЗ Ш.Гүрбазар хүндэтгэл үзүүлж өөрийн уран бүтээлээс сонордуулж, залуу уран бүтээлчдийн урлаг соёлын тоглолтоор үргэлжилсэн юм.
“Ээж бол ертөнц-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь энэ жил 317 ээжид одон гардуулсан бөгөөд нийт Хан-Уул дүүргийн хэмжээнд 440 эх “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгоор шагнагдаж байгаа юм.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ