Монголын хөлбөмбөгийн талбайд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байна. Өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолт болж, БНАСАУ Сингапурын тоглолт тэнцээгээр өндөрлөсөн бол Хонконг Монголын багийг хожсон.
Тоглолтын дараа болсон дасгалжуулагч нар мэдээлэл хийсэн бөгөөд Хонконг, Монголын багийн дасгалжуулагч нарын яриаг хүргэе.
МОНГОЛЫН БАГ БОЛОМЖОО АШИГЛАЖ ЧАДСАНГҮЙ
Хонконгийн дасгалжуулагч Фанди Ахмад
-Монголын багийг хожиж, эхний хожлоо авсанд баяр хүргэе. Тоглолтын талаар таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Монголд болж буй тоглолтууд ойролцоо түвшинд болж байна. Эхний тоглолтоос эхлээд хүнд хүнд тоглолтууд боллоо. Манай багийн хувьд хамгаалалтад илүү анхаарсан. Залуус маань сайн тоглож, бид хүнд тоглолтоос хожил авлаа. Энэ хожил бидэнд их чухал байсан юм.
-Монголын баг торгуулийн цохилтыг оруулсан ямар тактик барьж тоглох байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд Монголын баг боломжоо ашиглаж чадсангүй. Энэ нь бидэнд маш том давуу байдлыг олгосон. Хэрвээ тэр гоол орсон бол бидэнд хэцүү байх байсан. Монголын баг торгуулийн цохилтыг алдсаны дараа хүнд байсан нь ойлгомжтой. Бид онгоцонд суух хүртлээ бүхнээ дайчлах болно. Эдгээр залуус Хонконгийн төлөө нэгдэн тоглож байгаа болохоор хичээх ёстой.
-Танай баг эхний хожлоо авч тэргүүлэх боломжоо хадгалж үлдлээ. Сүүлийн тоглолтоо БНАСАУ-ын багтай хийнэ. Энэ тоглолтод хэрхэн бэлтгэж байна вэ?
-Бид Монголын багийн эсрэг хүнд тоглолтыг хийж ялалт авсан. Бидэнд дахин нэг гоол хэрэгтэй байлаа. Хэрвээ бид дахин гоол оруулсан бол давуу байдал гарч ирэх байсан. Тав хоногийн дотор гурван тоглолт хийхэд амаргүй байна. Дахин нэг тоглолт байгаа учраас хэдэн тоглогчийг амраасан. Төлөвлөсөн зүйл байгаа. Мэдээж бид хэсгээ тэргүүлэхийн төлөө хичээх болно.
МОНГОЛЫН БАГ ТОМ БАГУУДТАЙ ИЙМ ТҮВШИНД ТОГЛОНО ГЭДЭГ ГАЙХАМШИГ
Монголын багийн дасгалжуулагч Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс
-Монголын баг Хонконгт хожигдож том боломжоо алдлаа. Тоглолтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Юуны түрүүнд Монголын шигшээ баг бүрдээд тоглож байгаад баяр хүргэе. Манай баг гоол алдсаны дараа хүнд байдалд орсон. Тоглогчид хэцүү байдлаас гарах гэж их оролдсон. Хэд хэдэн тоглогчид үүргээ гүйцэтгээгүй тал бий. Хоёрдугаар хагаст хийх гэсэн зүйлээ хийж чадсангүй. Алсын дамжуулалт хэрэгтэй байгааг анзаарлаа. Гэхдээ би шалтаг хэлэх дургүй. Монголын баг том багуудтай ийм түвшинд тоглоно гэдэг бол маш том амжилт. Энэ бол гайхамшиг гэж хэлмээр байна.
-Тэмцээн эхлэхийн өмнө Монголын баг БНХАУ-д гурван долоо хоног бэлтгэл хийсэн. Дулаан газар яагаад бэлтгэл хийх болсон бэ?
-БНХАУ-д +20 хэмийн дулаанд зүлгэн дээр бэлтгэл хийсэн. Цаг агаарын хувьд нөлөөлөх зүйл байхгүй. Бидэнд 3-4 сар футзалын тэмцээнд ороод задгай талбайд гарах л асуудал байна. Гэхдээ би эдгээр тоглолтууд галзуу тоглолт гэж хэлмээр байна. Би ямар нэгэн шалтаг тавихгүй.
-Хонконгтой хийсэн тоглолтод олон сэлгээ хийлээ. Мөн тоглогчид их бэртлээ. Сүүлийн тоглолтод хэрхэн тоглох вэ?
-А.Тэмүүжин эхний тоглолтод маш их ачаа үүрсэн. Хоёр дахь тоглолтод 60 минут хүртэл тоглосон учир суулгасан. Олон тамирчин ядарсан учраас сэлгээ хийсэн. Хонконгийн баг нэгдүгээр сард нутагтаа болсон тэмцээнд оролцоод тоглож байна. Тиймээс ялгаа байгаа. Манай 5-6 тоглогч бэртсэн. Бид сүүлийн тоглолтод бүхнээ дайчлах болно. Маргаашийн тоглолтоос их зүйл хүлээж байна.
ДҮН: /Хоёр тоглолтын дараа/
- БНАСАУ – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/
- Хонконг – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/
- Сингапур -2 оноо /2 тэнцээ/
- Монгол -0 оноо /хоёр хожигдол/
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
03.22
- Хонконг – Сингапур 1:1
- БНАСАУ – Монгол 1:0
03.24
- Сингапур – БНАСАУ 1:1
- Монгол – Хонконг 0:1
03.26
- 13:00 БНАСАУ – Хонконг
- 17:00 Сингапур – Монгол
Холбоотой мэдээ