Саяхан болж өнгөрсөн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Уимбльдон”-оос аваргын цом хүртсэн Америкийн теннисчин Серена Уильямс ресторанд хооллож байгаад хагархай шилэнд хөлөө зүссэн учир хэсэг хугацаанд талбайд гарах боломжгүй болсон гэнэ.
Дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж буй 28 настай тэрбээр “Уимбльдон”-д түрүүлж, “Их дуулга”-ын 13 дахь цомоо хүртсэнээс хойш уралдаан, тэмцээнд оролцоогүй бөгөөд хөлөө гэмтээсэн учир түүндээ хөнгөн хэлбэрийн мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон байна. Ингэснээр Серена Станбул болон Цинциннатид болох хатуу хучилттай талбайн хоёр ч тэмцээнийг өнжихөөс гадна ирэх сарын 16-нд Монреалд эхлэх Рожерсийн цомын тэмцээнд оролцож чадахгүйд хүрч байгаа юм.
С.Цэлмэг