Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон 72 мянга гаруй эмэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан албан бус тоогоор жилд 5000 гаруй хүүхэд тэтгэмж авдаг. Түүний 80 хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй аж. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эрх нь зөрчигдөж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдэгдлээ. Тус холбоонд гэр бүлийн салалт, хүчирхийллийн улмаас хохирч, мөнгөн тэтгэмж авч чаддаггүй эмэгтэйчүүд хандаж болохыг энэ үеэр онцлов.
Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т зааснаар шүүхээр хүүхдийн тэтгэмжийг тогтоолгосон ч авч чадаагүй байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд өмгөөлөл үзүүлэх эрх нь нээлттэй аж. Мөн гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад байгаа Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлахыг хүсч эрх баригчдад таван шаардлага хүргүүлэхээр болжээ. Үүнд,
- Гэр бүлийн тухай хуулийг батлах
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг нэмэгдүүлэх
- Хууль шүүхийн холбогдох байгууллагууд гэмт этгээдэд ял завшуулахгүй ажиллах
- Зөрчлийн тухай хуульд өргө баригдсан төслийн долоо ба наймдугаар зүйлийг сайжруулан батлах буюу ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, аливаа байгууллага дотоод журамдаа тусгах
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүн бүрийн оролцоог сайжруулах зэрэг шаардлагыг Засгийн газарт өргөн барих юм.
МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан ч гэр бүлийн орчинд бага насны хүүхэд бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Тиймээс хүчирхийллийг үл тэвчиж, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд нэн даруй зохион байгуулахыг шаардаж байна” гэлээ.
Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 1135 хүн хохирчээ. Тэдний 93 хувь нь бие махбодийн хохирол амссан бол хоёр хувь нь сэтгэл санаа, дөрвөн хувь нь бэлгийн, нэг хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Мөн сүүлийн гурван жилд бага насны 292 охин, он гарсаар 4-17 насны өртсөн гэх албан мэдээ бий.
ЭМНЭЛЭГ, БИЗНЕСИЙН САЛБАРТ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ ӨСЧЭЭ
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гэр бүлийн хүчирхийллээс гадна ажлын байрны бэлгийн дарамт өсч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлсэн юм.
Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа “Ажлын байрны бэлгийн дарамтад өртөгсдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад ажлын байрны бэлгийн дарамт байсаар л байгаа юм. Судалгаагаар 40 орчим хувийг нь эзэлж байна гэх дүгнэлт гарсан. Ажил албан тушаал эрх мэдлээ ашиглан цалин нэмэх, дүнгээр нь барьцаалж ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг эмнэлэг бизнесийн байгууллагуудад өссөн” гэлээ.