Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 23-24-ны өдрүүдэд нийт 468 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлагыг хүлээн авч шалгасан байна. Осол, хэргийн улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой осол бүртгэгджээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг Хар чулуут гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон байна. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг 25 дугаар эмийн сангийн уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж T.Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоожээ.
2018 оны байдлаар Монгол Улсад 55926 мотоцикл бүртгэлтэй байгаагийн 86,4% буюу 48333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв аймаг, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын иргэд дунд мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байгаа бөгөөд түүнийгээ дагаад осол аваар их гардаг байна.
Иймд иргэд мотоциклоо унахдаа хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ