“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын сүүлийн дугаар өчигдөр /2019.03.24/ үзэгчдийн хүртээл боллоо. Сүүлийн дугаарт шүүгчид төдийгүй үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан нар байлаа. Тэд сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.7 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж зах зээлд борлуулж эхэлсэн байна. Шүүгч нараас тэд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч, компанийнхаа 20 хувийг санал болгосон юм.
Б.Батбилэгийн хувьд 2005 онд авто осолд орж нуруу нугасны хүнд гэмтэл авчээ. Тэрбээр дөрвөн жилийн турш хөл дээрээ алхахын тулд эмчилгээ хийлгэн өмссөн хувцастайгаа үлдэх хүртлээ тэмцсэн гэдгээ хэлж байсан юм.
Тэрбээр “Эхнэр маань Хөвсгөл аймагт цэцэрлэгийн эрхлэгч хийдэг байсан. Намайг асрах гээд ажлаасаа ч гарсан. Олон жил эмнэлгээр явсны эцэст дахиж алхаж чадахгүй гэдэг хариуг сонсоод хэцүү байсан. Бүх юм буруугаар эргэж байгаа юм шиг л санагдсан. Ойр дотны хүмүүсээс ганц хоёрхон л хүмүүс хажууд үлддэг юм билээ” гэж ярьж байлаа. Хэдийгээр тэр биеийн тулгуур болох хөлөө алдаж, тэргэнцэртэй явах болсон ч амьдралаа хөл дээр нь босгож чаджээ. Өмссөн хувцастайгаа үлдсэн тэр өнөөдөр бизнес эрхлэгч болж, олон олон гэр бүлийн орон гэрийг бэлдэж, галыг нь бадраасан байна.
Тэргэнцэрт суулаа гэж хэнд ч гомдоллоогүй тэсвэр тэвчээрийг нь, амьдралын төлөө гэх тууштай тэмцлийг нь үнэлж шаркууд тэдэнд хөрөнгө оруулалт оруулсан юм. Шүүгчид бүр хоолой зангируулж, нулимс дуслуулан байж тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзэл, хөдөлмөр зүтгэл, амьдралын төлөөх тэмцлийг нь үнэллээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ