Монголын боулинг сонирхогчдын холбоо, MCS Coca Cola компанитай хамтран зохион байгуулдаг “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээн спорт холбоодын өрсөлдөөнөөр үргэлжиллээ.
Зургаа дахь жилдээ тасралтгүй зохиогдож буй тус тэмцээнд Монголын флай фишингийн холбоо 1491 оноогоор (727+764) анх удаа аваргалсан бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг 1470 оноо аван (694+776) аман хүзүүдсэн юм. Сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байсан Монголын дартс сонирхогчдын холбооны баг энэ удаа хүрэл дээр буужээ. Тэд хоёр тоглолтын нийлбэрээр 1458 оноо (752+706) авсан юм. Нэг тоглолтод 195 оноо авсан Монголын шатрын холбооны Ц.Лхаасүрэн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан байна.
Эхний гурван байр эзэлсэн багууд оны эцсээр болох финалын шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.
Б.ЭНХ