Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр /2019.03.25/ энэ сарын 23-нд Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийн дүнг танилцууллаа. Тодруулбал, өнгөрсөн 2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм. Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монголын консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлджээ.
Сонгуулийн дүн мэдээтэй холбоотой мэдээллийг Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгс өглөө. Тэрбээр “Гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдсан. Дахин сонгууль хуулийн дагуу амжилттай болж өндөрлөлөө. Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт 4657 сонгогч бүртгэлтэй байснаас 2647 сонгогч саналаа өгч ирц 56.8 хувьтай байсан. Үүнээс:
- Монгол ардын намаас нэр дэвшсэн Г.Доржпаламын төлөө 1460 сонгогч буюу нийт саналын 55.2 хувь
- Монголын консерватив намын намаас нэр дэвшигч О.Мөнхтуяагийн төлөө 19 хүн буюу 0.72
- Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Мягмардоржийн төлөө 24 сонгогч буюу 0.91,
- Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгийн төлөө 20 буюу 0.76,
- Бие даагч М.Алтанзаяагийн төлөө 989 буюу 37.4 хувь,
- Бие даагч Г.Жаргалын төлөө 114 буюу 4.31 хувийн саналуудыг тус тус өгсөн.
Харин 19 дүгээр тойргийн хувьд нийт 7154 сонгогч бүртгэлтэй байснаас 3850 сонгогч саналаа өгсөн. Хувьд харьцуулах юм бол 53.82 хувьтай сонгууль хүчин төгөлдөр болсон. Үүнээс:
- МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүгийн төлөө 2229 буюу 59.7 сонгогч,
- Монголын консерватив намаас нэр дэвшсэн Долгормаагийн төлөө 15 буюу 0.35,
- Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Орхоны төлөө 30 буюу 0.64 ,
- Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Мөнхзаяагийн төлөө 47 буюу 0.21,
- Бие даагч Н.Уламбаярын төлөө 412 буюу 11.25,
- Бие даагч Т.Туулын төлөө 1277 буюу 33.94 хувийн санал өгч мөн тухайн тойрог дээр сонгууль ирц хүчин төгөлдөр болсон.
Сонгууль зохион байгуулахтай холбоотой нийт зардал 50 гаруй сая төгрөг зарцуулагдсан.
Нэмж хэлэхэд аравдугаар тойрогт сонгогч нарт мөнгө тараасан гэх гомдол ирээгүй. Харин 19 дүгээр тойргоос бие даан нэр дэвшсэн Н.Уламбаяр мөнгө тарааж байгаа талаарх гомдол иргэдээс ирсэн. Үүнийг холбогдох цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Учир нь сонгуулийн тухай хуульд зааснаар зөрчил гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж хянан шийдвэрлэдэг” гэв.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэхийг гардуулдаг учир хамгийн олон санал авсан Г.Доржпалам, Б.Галхүү нарт өнөөдөр түр үнэмлэхийг олгох аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ