Онц байдал зарлаж, Төрийн өмч болгосноор шударга бусын хонгил нурах бус сонгуулийн санхүүжилт л босно

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Онц байдал зарлаж, Төрийн өмч болгосноор шударга бусын хонгил нурах бус сонгуулийн санхүүжилт л босно

Онц байдал зарлаж, Төрийн өмч болгосноор шударга бусын хонгил нурах бус сонгуулийн санхүүжилт л босно

2019 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Хэрэг эрхлэхийн дарга Л.Оюун-Эрдэнэ 49 хувийг худалдаж авсан гэх “алдарт схем”-ээ олон нийтэд ил болгосон. Ингэхдээ “одоо энэ бүхнийг батлах нь хариуцах хуулийн байгууллагуудын ажил. Үүний дараа хэлэлцээрийн ширээнд сууна” гэж хэлсэн. Харамсалтай нь, гишүүн маань худлаа ярьсан бололтой. Учир нь хариуцсан байгууллагууд нь шалгахыг ч хүлээлгүй, хэлэлцээрийн ширээнд ч суулгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа.

Сүр дуулиантай баривчилгаа болсноос хойш хоёрхон долоо хоногийн дотор эхлээд “Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал зарлаж, дараа нь төрийн өмчит статустай болгов. Төрийн бүх ажил ийм хурдан явдаг болсонсон бол хүн бүр л баярлана. Харамсалтай нь Эрдэнэтэд одоогийн Засгийн газар юу хийж байгааг хэн ч харах боломжгүй болгох хоёрхон шийдвэр л түүхэнд байгаагүй хурдацтай гарсан. Энэ бол “Эрдэнэт”-тэй холбоотой одоогийн Засгийн газрын хийсэн цорын ганц бодит ажил гэж хэлж болно. Үнэхээр Монголд ноёрхоод байгаа шударга бусыг үндсээр нь устгах зорилготой байсан бол өөрөөр ажиллах байсан биз.

Системчлэгдсэн шударга бусын хонгил бий болсон гэсэн хэрнээ бодит өөрчлөлт авчрах ажил хийхгүй юм. Мафийн бүлэглэлийн хэсэг болсон гэх хууль, шүүхээ янзлах ч үгүй байна. Үнэхээр Монголын хууль, шүүх замхарсан юм бол үүнийг цэгцлэх чинь нэгдүгээрт тавигдах ёстой биз дээ. Буруу нь аль ч хуулийн байгууллагаар тогтоогдоогүй байхад онц байдал зарлаж, төрийн өмчид авснаар прокурор, шүүх чинь шударга болчихгүй. Хулгайчийг барихын тулд дээрэм хийж байгаа л гэсэн үг. Бид хэн нэг хүн үнэхээр хулгай хийсэн бол тэр хүнийг цагдаа бариад, шүүх бурууг нь тогтоодог нийгэмд амьдарч байгаа биз дээ. Эсвэл хүссэн хүн бүр нотлогдоогүй байхад хулгайд хардсан хүнээ дээрэмдэж болох юм уу. Энэ шударга ёсны тогтолцоо нь үнэхээр алдагдсан бол системээ засах асуудал чинь нэгдүгээрт тавигдах ёстой бус уу. Гэтэл “Бид л мэдэж байна, бусад нь хулгайч” гэж хязгааргүй эрх мэдлийг гартаа авч, хамаг тогтолцоог илүү ихээр эвдэн байж төрийн өмчит болгож байгааг харахад шударга ёсыг тогтоох нь Засгийн Газрын зорилго биш бололтой. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийг бүхэлд нь барьцаалчихсан хэрэг буюу 51-ийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Монгол Улс сар бүр 1.2 сая ам доллар төлөх ёстой тоолуур маань гүйсээр одоо 123 сая ам долларыг төлөх ёстой болчихоод байна. Бүр “Эрдэнэт”-ээ бүхэлд нь Хятадад алдах аюул хүртэл бий гэдэг. Энэ талаар яагаад хэн ч дуугарахгуй байгаа юм бэ, яагаад ядаж сар бүр гүйж байгаа тоолуураа зогсоохгүй байгаа юм бэ. “Хэн ч бидний төлөө тэмцэхгүй, энэ бол зүгээр л эрх мэдлийн төлөөх тэмцэл” гэдэг үнэн бололтой.

“Монголын Зэс” үнэхээр хулгайн аргаар 49 хувийг авсан бол зохих ялаа үүрэх ёстой гэдэгтэй хэн ч маргаагүй. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлууд дээр хандах хандлага, явж байгаа дэс дараалал чинь үнэхээр ойлгомжгүй байгаа. Сайхан ярианд чинь итгэсэн ч хийж байгааг чинь хараад үнэхээр урам хугарч байна. Өдийг хүртэл хийсэн бодит ажлууд чинь сонгууль дөхөж байгаа болохоор сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд Засгийн газар юу хийж байгааг хэн ч харж, хянаж чадахгүй нөхцөл байдал үүсгэх л цорын ганц зорилготой ажил гэлтэй.

51 хувийн хэрэг буюу Эрдэнэтийг барьцаалсан тухай, тэнд ямар аймшигтай шахаа явдаг талаар, гол нь хувийн хэвшлийнхэн хяналттай ажиллах юм бол манай улс хэр их хэмжээний татвар, ашиг авч болдгийг бид хувийн хэвшилд очоогүй бол мэдэхгүй байсан. Энэ бол тоо баримтаар батлагдах үнэн. 2016 онд буюу хувийн хэвшилд очихоос өмнө “Эрдэнэт үйлдвэр” 72-хон тэрбумын татварыг улсад төлж, 126.5 тэрбумын алдагдалтай ажилласан гээд Оросын холбооны улс болон Монголын Засгийн газарт мөнгө өгөөгүй. Гэтэл 49-ийхөн очсон жилдээ 580 тэрбум, дараа жил нь 655 тэрбумын татвар улсад төлж, төсвийн мөнгийг нэмэгдүүлсэн. Татвар, төсвийн мөнгө гэдэг чинь жинхэнэ ард түмний мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр чинь байшин барилга барьж, багш нарынхаа цалинг нэмдэг. Өөрөөр хэлбэл, энэ тоо баримт “Эрдэнэт үйлдвэр” ард түмэнд хүртээлгүй шахааны бизнесийн аргаар улс төрчдийн мөнгө босгодог хэрэгсэл төдий байсныг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж