Уран гулгалтын 2019 оны ДАШТ өндөрлөлөө. Японы Сайтама хотноо өнгөрсөн даваа гаригт эхэлсэн дэлхийн аваргын сүүлийн тэмцээн нь эрэгтэйчүүдийн өрсөлдөөн байсан юм. Эрэгтэй төрөлд нийт 35 тамирчин өрсөлдсөнөөс 24 тамирчин дараагийн шат буюу чөлөөт үзүүлбэртээ шалгарч үлдсэн.
Богино үзүүлбэрт 107.40 оноо авч хувийн дээд оноогоо авч нийт тамирчдаа тэргүүлээд байсан АНУ-ын тамирчин Н.Чен чөлөөт үзүүлбэртээ 216.02 оноогоор мөн тэргүүлж нийлбэр дүнгээр 323.42 оноогоор дэлхийн аваргын алтан медалийг хүртжээ. Японд ирсэн Н.Чен үнэхээр онцгой байсан бөгөөд богино үзүүлбэртээ хувийн рекордоо шинэчилсэн бол чөлөөт үзүүлбэртээ дэлхийн рекордыг шинэчлэн 216.02 оноо авсан. Үүнээс гадна нийлбэр дүнгээр 323.42 оноо авч уран гулгалтын эрэгтэй төрөлд хамгийн өндөр оноо авсан тамирчин болжээ. Ийнхүү АНУ-ын тамирчин сүүлийн 2 жилийн Дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байна. Н.Чений хувьд 2018-2019 оны онцгой байсан гэхэд болно. Тэр энэ улиралд 2 гранпри тэмцээнд оролцож түрүүлсэн бол гранпри финалд мөн түрүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ улиралд оролцсон 4 тэмцээндээ дөрвүүлэнд нь түрүүлж байна. Ямартаа ч Пёнчаны олимпийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж медалиас мултраад байсан Н.Чен олимпийн наадмаас хойш оролцсон 2 удаагийн дэлхийн аваргадаа урдаа тамирчин гаргасангүй. Тэрээр тэмцээний дараа “эдгээр залуустай энд байх нь үнэхээр гайхалтай байна. Тэмцээн сэтгэл хөдөлгөм байлаа. Өөрийнхөө хүнд элемент бүхий үзүүлбэрээ хийж чадсандаа сэтгэл баяртай байна. Эцэст нь Японд үнэхээр аз жаргалтай байлаа” хэмээн ярьжээ.
Мөнгөн медалийг Пёнчаны олимпийн аварга Японы Ю.Ханю хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын тамирчин В.Жоу хүртжээ. Богино үзүүлбэртээ 2-р байранд бичигдээд байсан АНУ-ын Ж.Браун чөлөөт үзүүлбэртээ 14-р байранд орж нийлбэр дүнгээр 9-р байранд орсон байна. Харин Японы Ш.Уно 6-с 4 рүү, Хятадын Жин Боян 9-р 5-р байр руу урагшилж чадсан ч богино үзүүлбэртээ хангалтгүй байсан нь медаль хүртэх боломжийг нь үгүй хийсэн.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ