Хуулийн дэмжлэгтэй болохоор хүчирхийлэгчид оодрох нь аргагүй

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Хуулийн дэмжлэгтэй болохоор хүчирхийлэгчид оодрох нь аргагүй

Сурагчдын амралт эхлэхээр хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна гэв

Хуулийн дэмжлэгтэй болохоор хүчирхийлэгчид оодрох нь аргагүй

Хүчин, тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэнэ гэдэг хэзээ ч үл уучлах жигшүүрт хэрэг. Хүчирхийлэгч этгээд өөрийн бузар хүслээ гүйцэлдүүлэхдээ тухайн хүүхдийн амьдралд хэзээ ч эдгэршгүй сэтгэл санааны гүн шарх сорви үлдээдэг. Гэвч ийм бузар хэрэг хийсэн хүнд Монгол Улсын шүүх ердөө хоёр жилийн ял оноож байна гэвэл та итгэх үү. Мөнгөтэй, танилтай  зарим нь ялынхаа талыг нь биеэр эдлээд хугацаанаас өмнө суллагдаж ч магадгүй. Бид хүчирхийлэгчдийг нийгэм даяараа жигшин үзэж, зэвүүцэж байгаа ч хууль нь тэднийг өөгшүүлж, “алив хүчирхийлээд бай” гэж байгаа юм шиг толгойг нь илсэн дэндүү хөнгөн ял оноосоор. Хүчирхийлэлд өртсөн хөөрхий охид, тэдний ар гэрийнхэнд шүүхийн энэ шийдвэр ямар их доромжлол болж байгааг төсөөлөхөд тийм ч хэцүү биш.

Манай улс өмнө нь насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн этгээдэд 5-10 жилийн ял оноодог байв.  Хэрэв хэргийг онц хэрцгийгээр үйлдсэн бол 15-25 жилээр хорих, бүр цаазаар авах заалттай байлаа.

Харин 2017 оноос хойш мөрдөгдөж буй эрүүгийн шинэ хуулиар хүчингийн хэргийг 13 нас хүртэлх, 14-18 нас хүртэлх хэмээн ангилж, өсвөр насны хүүхдийн эсрэг хэрэг гэж тусад нь авч үзэх болжээ.

Улмаар өсвөр насны хүүхдийг хүчирхийлсэн бол 2-8 жилийн хорих ял онооно гэсэн заалт оруулсан байна. Энэ нь ихэнхдээ хоёр жилийн ял болон очдог болохыг шүүхээр шийдүүлсэн хэргүүдийн тайлангаас харж болно. Харин 13 хүртэлх насны хүүхдийг хүчиндсэн бол 12-20 жилийн ял оноож байгаа юм.

“Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд ийм хэмжээний ял оноох нь нэг талаасаа буруу. Хэдийгээр шинэчлэн найруулсан шинэ хуульд хүндрүүлэх нөхцөл хэрэглэж байгаа ч 2-8 жилийн ял бол яах аргагүй бага хугацаа. Дээр нь тухайн гэмт этгээд хэргээ хүлээчихвэл энэ ял хоёр дахин буурах боломжтой гэхээр олон нийтийн дургүйцлийг төрүүлэх нь аргагүй юм” хэмээн өмгөөлөгч М.Бүдханд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Энэ нь хүчирхийлэгчдийг хуулиараа дэмждэг улс орон болчихсонтой ялгаа юу байна аа.

Монгол Улс ийнхүү хүчирхийлэгчдийн толгойг илсээр суух зуур цэцэг цэврүү мэт балчир үрс бэлгийн хүчирхийллийн хохирогч болох нь улам бүр нэмэгдсээр байна. Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээлэлд бичсэнээр 2017 онд улсын хэмжээнд хүчингийн гэмт хэрэг 376 бүртгэгдсэн бол 2018 онд энэ тоо 519 болж нэмэгджээ. Зөвхөн нэгдүгээр сард л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 62 бүртгэгдсэн нь жилийн өмнөх үетэй харьцуулахад 47 хувиар нэмэгдсэн байгаа юм. Сүүлийн хоёр сард л гэхэд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 69 хэрэг бүртгэгджээ. Арай ч дээ гэж халаглахад ч багадна. Энэ улс оронд чинь юу болоод байна вэ. Яагаад ийм бузар хүсэлтэй, гаж донтон олон болчихсон юм бэ.

Хоёр биеэ үнэлэгч тутмын нэг нь өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн байдаг гэх судалгаа миний санаанаас огт гардаггүй юм. Эндээс харвал бага балчир насандаа хүчирхийлэлд өртөж буй эдгээр хүүхдийг маш бүрхэг ирээдүй хүлээж байна. Багадаа амссан сэтгэлийн шаналал нь хожим хойно тийм зам руу хөтөлдөг биз. Гэтэл эрчүүд бид өөрсдөө тэднийг ийм зам руу түлхчихээд хожим хойно биеэ үнэлэгчдийг жигшин зэвүүцээд суух нь зөв ч юм уу, бүү мэд.

“Зөвхөн сүүлийн хоёр сарын хугацаанд бага насны 69 хүүхэд аймшигтай яргалал, хүчингийн хэргийн золиос болсон албан ёсны мэдээлэл тархаж, тэр нь зүгээр л нэг энгийн зүйл мэт хараал идсэн оффшор, улс төрийн хулгайгаа булаацалдсан үйл явдлуудад дарагдаж, замхран одно. Сургуулийн гурван анги шахам охидыг хоёрхон сарын дотор хүчиндсэн байхад бид ингээд л сууж байна!

Итгэмээргүй … Гэтэл хоёр хоногийн өмнөөс Баянхошуунд байрлах Ид шидийн орны хамгаалах байр маань түүхэндээ байгаагүй олон хүүхэдтэй болж, ор яаралтай нэмж байрлуулах хэрэгцээ үүсэж, багтаж шингэхгүй чихцэлдэж эхэллээ. Хүчирхийлэлд өртсөн охидын хамгийн бага нь 3 настай … бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар” хэмээн “Лантуун дохио” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан бичжээ.

Өнөөдөр бага насны хүүхдийн хүчирхийллийн талаар өдөр бүр сонссоор байгаад иргэд бараг дөжрөх шахаж байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард найман настай охин төрсөн эцэгтээ удаа дараа хүчиндүүлсэн нь тогтоогдсон. Мөн 16 настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн, 13 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлэхийг завдсан, 14 настай охиныг эгчийнх нь найз залуу хүчирхийлсэн, зургаан настай охиныг аав, ээжийнх нь найз хүчиндэхийг завдсан гэх мэт аймшигт хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хамгийн харамсалтай нь, нийт тохиолдлын тал орчим буюу 48 хувь нь хамаатан садан, ураг төрлийнхөндөө хүчирхийлүүлдэг аж.

14-16 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 2-8 жилийн хорих ял оноох заалттай

Сурагчдын амралт эхлэхээр хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна хэмээн нэгэн албан тушаалтан ярьсан байна лээ. Ураг төрлийн хүчирхийлэл хамгийн их байдаг гэдгийг энэ баримт давхар баталж байх шиг. Хамгийн аюулгүй орчин гэгддэг төрсөн орон гэр нь хүртэл аюулын орчин болчихоор яах болж байна вэ. Хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна гээд амраахгүй байх ёстой юу. Өнгөрсөн зун хүүхдүүд золгүй ослоор бөөн бөөндөө амиа алдахад хэсэг шуугиж байгаад л өнгөрсөн. Хүүхдээ гадаа тоглуулах ч аргагүй болжээ хэмээн тухайн үед ярьж, бичиж байв. Тэгвэл одоо хүүхэд орон гэртээ ч амар байх аргагүй болжээ. Адын хүсэлдээ хөтлөгдсөн жигшүүрт нэгний өлөн харц таны хүүхдийг онилсоор байгаа гэдгийг эцэг эхчүүд ямагт санаж, бяцхан үрсдээ тавих анхаарал халамжаа улам дээшлүүлэх цаг иржээ. Болдогсон бол хүүхэд хүчиндээд байгаа бузар новшнуудыг шоронд бүх насаар нь хатаахсан. Гэвч тийм адгууснаас дор этгээдүүдийг хоёр жил ч бололгүй сулладаг хуультай улсад амьдарч байгаа минь харамсалтай. Хуулийн ийм хөнгөлөлт, дэмжлэгийн дор хүүхэд хүчирхийлэгчид оодрох нь аргагүй ээ!

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж