Трамп Оростой сүлбэлдсэн гэх нэг ч баримт олдсонгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Трамп Оростой сүлбэлдсэн гэх нэг ч баримт олдсонгүй

Трамп Оростой сүлбэлдсэн гэх нэг ч баримт олдсонгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуульд ялалт байгуулж тус улсын 45 дахь Ерөнхийлөгч болсноос хойш түүнийг ОХУ-тай холбоотой, Путины удирдлагаар ажилладаг, сонгуульд ялахад ОХУ-аас дэмжлэг авч сонгуулийг луйвардсан, ОХУ сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс оролцсон гэх хардлага эсрэг намынхнаас нь төдийгүй олон улсын ажиглагчдын дунд ч одоог хүртэл байсаар ирсэн.

Үүнтэй холбогдуулан 2017 оны тавдугаар сараас АНУ-ын Прокурорын ерөнхий газраас тусгай төлөөлөгч Роберт Мюллерийг томилон Трампыг ОХУ-тай холбоотой эсэхийг шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Роберт Мюллер  өмнө нь Холбооны мөрдөх товчооны даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед ерөнхий прокурор байсан Жэф Сэшнс  Трампыг мөрдөхөөс татгалзаж байсан тул орлогч Род Розенштэйн Мюллерийг томилж байв.

Ингээд хоёр жил орчим үргэлжилсэн Ерөнхийлөгчийг мөрдөх ажиллагаа өндөрлөж, ажлын тайланг одоогийн ерөнхий прокурор Уильям Баррт шилжүүлэн өгсөн тухай Роберт Мюллер баасан гаригт /2019.03.22/ мэдээллээ. Мюллерийн удирдсан “Оросын хэрэг”-ийн мөрдөн шалгах ажиллагааны тайлангаас Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний сонгуулийн штаб ОХУ-тай сүлбэлдсэн гэх ганц ч нотлох баримт, дүгнэлт олж уншаагүй гэдгээ ерөнхий прокурор Уильям Барр ням гаригт /2019.03.24/ зарлажээ.

Уг тайлангийн дүгнэлтийг танилцуулсны дараа Ерөнхйилөгч Дональд Трамп твиттер хуудаснаа “Ямар ч хуйвалдаан, ямар ч хөндлөнгийн оролцоо байхгүй. Ингээд бүх зүйлийн учир тайлагдаж, би бүрэн цагаатгагдлаа. Гэвч энэ бүхэн АНУ-ын ард түмнийг, АНУ-ын Ерөнхийлөгчийг ичгэвтэр байдал орууллаа” гэж жиргээд “Америкийг агуу хэвээр нь үлдээцгээе” хэмээн өөрийн сонгуулийн уриагаа бичсэн байлаа.

Харин Роберт Мюллер “Миний удирдан явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс харахад Ерөнхийлөгч Дональд Трампыг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй, түүнийг шүүхийн тавцанд аваачих нотлох баримт ч хангалттай байхгүй боловч тэрбээр бүрэн цагаатгагдсан, ямар ч өөгүй хүн гэсэн үг биш” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Олон жилийн турш Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр ажилласан, 2016 оны сонгуулийн кампанит ажлыг нь удирдаж байсан Майкл Коэн өнгөрсөн жилээс эхлэн татвараас зугтсан, сонгуулийн төсвөөс мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдах болсон. Тэрбээр хэрэгт татагдсан мөчөөсөө Трампын эсрэг мэдүүлэг өгөх болсон юм. Трампын шадар туслах Коэний ноцтой мэдэгдлүүд “Оросын хэрэг”-т хүмүүсийн анхаарлыг улам татах болсон.

Энэхүү мөрдөн шалгах ажлын хүрээнд нийт 34 хувь хүн, гурван компанийг гэмт хэрэгт буруутган яллаад байгаа. Тэдгээрийн зургаа нь Дональд Трампын сонгуулийн үйл ажиллагаанд болон одоогийн засаг захиргаанд шууд холбоотой хүмүүс байснаас тав нь төрийн эсрэг хуйвалдсан, мөнгө угаасан зэрэг хэргээр шоронд хоригдох ял сонсоод байна. Мөн ОХУ-ын харьяат 26 хүнийг өнгөрсөн хугацаанд ялласан юм.

Олон улсын мэдээллийн CNN агентлаг энэхүү мөрдөн шалгах ажиллагааны талаар “Роберт Мюллер Трампад маш том бэлэг барилаа. Энэ бол Трампын удаан хугацааны турш хүсэн хүлээсэн үр дүн. Ерөнхийлөгчийн суудалд сууснаас нь хойш “Оросын хэрэг” гэх дүүжлүүрийн олс Трампын толгойг шүргэсээр ирсэн” хэмээн нийтлэлдээ бичжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж