ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно

ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон  цагаасаа хойш АТГ-ын удирдлагыг солих туйлын хүсэлтэй байсаар ирсэн. Бүр ард түмнээс санал авч байгаа “нэрийн” дор АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшүүлэх санал асуулга явуулсан. Энэ дүнгээр хамгийн өндөр санал авсан Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг дэд даргад томилуулах саналаа хоёр ч удаа Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ энэ асуудлыг хэлэлцэхгүй байсаар шинэ УИХ-ын даргатай болж, тухайн үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тэгвэл улс төрийн хөшигний ард АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж байна.

АТГ-ЫН ДАРГЫН АСУУДЛААР ҮАБЗ ӨНӨӨДӨР УУЛЗАНА

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ард түмнээс асуусан хоёр дарга томилогдох боломжгүй болсон гэхэд болно. Улс төрийн хүрээнд яригдаж байгаачлан эдгээр хүмүүс нь АН-ын дарга С.Эрдэнийн хүн учраас УИХ ч Ерөнхийлөгч ч дэмжих боломжгүй гэх яриа байна. Тиймээс ч Ерөнхийлөгч болон эрх баригч намын томчуудын дотор АТГ-ын даргад өөр өөрсдийн хүнээ томилуулах санаатай байгаа бөгөөд эдгээр нэрс ч улс төрийн хүрээнд яригдаж буй.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаярыг томилуулах саналтай байгаа аж. Гэвч энэ хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжингийн “сарангэрэлдэх” ажиллагааг “гардан” зохион байгуулсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Түүнээс хойш төрийн албанд ажиллаагүй ч хураагдсан хурандаа цолоо эргүүлэн авсан байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн дэмжиж буй Б.Ууганбаярын хувьд АТГ-ын даргын зарим шаардлагыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох саналтай байгаа гэнэ. Түүний хувьд мөн цагдаагийн байгууллагад олон ажил ажиллаж байгаад Д.Дорлигжав сайдын үед ажлаасаа чөлөөлөгдөж, Хууль сахиулахын их сургуульд ажиллаж байжээ.

Харин Ерөнхий сайд болон МАН-ынхны зүгээс хурандаа З.Дашдавааг зүтгүүлж байгаа гэнэ. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн гаралтай бөгөөд одоо ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутгийн хүн гэх яриа ч бий. Тиймдээ ч түүнийг АТГ-ын даргаар томилох саналтай байгаа гэсэн мэдээлэл бий.

Ийнхүү АТГ-ын даргад хэнийг дэвшүүлэх талаар Төрийн гурван өндөрлөг өнөөдөр уулзаж, эцсийн шийдвэрээ гаргаж, УИХ-д өргөн барих бололтой.

Х.ЭНХЖАРГАЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Төрийн гурван өндөрлөгийн зүгээс АТГ-ын даргыг чөлөөлөхөөр улайрч байгаа ч нөгөө талдаа Х.Энхжаргалыг чөлөөлөх хууль эрх зүйн байхгүй. Хуулийн дагуу АТГ-ын даргыг хэн томилж, чөлөөлөх, басхүү ямар хугацаанд ажиллах зэрэг нь маш тодорхой хуульчлагдсан байдаг. Авлигын эсрэг хуулийн 21-р бүлэгт АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөхийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, тус хуулийн 21.5 “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэжээ.

Одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр томилсон. Тэгвэл хуульд зааснаар АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу чөлөөлж, ийнхүү Х.Энхжаргалыг АТГ-ын газрын даргаар томилж, түүний бүрэн эрхийн хугацаа нь гурав дахь жилдээ орж буй.

Түүнээс гадна АТГ-ын даргыг  Авлигын эсрэг хуулийн 22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно гэж заасан байдаг. Хуульд зааснаар,

22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

  • 22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
  • 22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
  • 22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлүүдээс бусад тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөх боломжгүй гэсэн үг. Тиймээс хуульд заасан үндэслэл, хугацаа нь дуусгавар болоогүй тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөх нь өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар боломжгүй харагдаж байгаа юм. Түүнээс гадна УИХ 2017 онд баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Төрийн албан тухай хуулийн 28-р зүйлд нэгэн заалтыг оруулж өгсөн. Тодруулбал, тус хуулийн

28.2 "Хуульд хугацаатай томилохоор заасан төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна" гэж тодотгожээ.

АТГ-ын дарга Н.Ганболд 2011 онд томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь 2017 онд дуусгавар болох байсан. Харин Х.Энхжаргалыг 2016 онд томилсон байдаг.

Мөн Үндсэн хуулийн цэцэд иргэн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусгавар болох асуудлаар гомдол гаргасан бөгөөд Цэц энэ асуудлыг хянаж байгаа юм байна.

АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилж, чөлөөлөх хуультай. Тэгэхээр АТГ-ын даргыг чөлөөлж, Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлэх эсэх нь эрх баригчид, УИХ-аас шууд хамаарна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж