Өмнөх түүхээ үгүйсгэх нь өөрсдөө зөвдөнө гэсэн үг биш

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өмнөх түүхээ үгүйсгэх нь өөрсдөө зөвдөнө гэсэн үг биш

Өмнөх түүхээ үгүйсгэх нь өөрсдөө зөвдөнө гэсэн үг биш

Монголын улс төр өмнөх түүхээ арчин, нэн шинэ түүхийг бичих гэж яарч байна. Нэн шинэ түүхийн авторууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ордны хуйвалдаанаар гарч ирсэн УИХ шинэ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар.

1990 оноос хойш өнөөг хүртэл замнаж ирсэн Монголын замнал алдаатай, буруу байсан гэж авторууд хэлэхгүй байгаа ч үйлдэл, шийдвэрийг нь харахад тийм бодолтой байгаа нь харагдана.

1990-ээд онд хийгдсэн хувьчлалуудыг эргэн харна, 400 ордын лицензийг төрд авна, томоохон хэргүүдийг шийдвэрлэх Хянан шалгах түр хороог УИХ-аас байгуулна, шинэ хөгжлийн 25 жилийг зарлаж байна гэсэн мэдэгдлүүд нэн шинэ үеийн түүхийн авторуудын амнаас гарсан үгс. Эдгээр мэдэгдэл төрийн залгамж чанар байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Өмнөх түүхээ бүгдийг үгүйсгэж, буруутгаснаар өөрсдөө зөвдөнө гэсэн үг биш.

1992 онд монголчууд нийтээрээ хэлэлцэн ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуульд заасан нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн зарчмуудад үндэслэн хөгжлийн олон баримт бичиг гаргасан. Мэдээж бүгд төгс төгөлдөр болоогүй байх. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол улсыг дөрвөн бүс болгон хувааж, бүс болгон хөгжлийн тулгуур төвтэй байна хэмээн зааж, ложистикийн хувьд бүс болгондоо төв болохуйц аймгийг нэрлэн оруулж ирсэн ч парламентын танхим дахь аймгуудын төлөөлөл гэж ойлгосон эрхэм гишүүд барьцалдсаар бүс болгон хоёр тулгуур төвтэй байна хэмээн өөрчилж батлуулсан. Мажоритар тогтолцоогоор аймгаас сонгогдон УИХ-д төлөөлөл болон очиж байгаа ч Монгол улсыг хөгжлийг бүхэлд харах холын хараатай байх ёстой гэсэн суурь ухамсар өнөөг хүртэл 76 гишүүний ихэнхэд төлөвшсөнгүй.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Тендерийн тухай хуулийн үеэр эрхэм гишүүд өөрсдийгөө ЖДҮ-чинээс гадна тендерчин болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн хөөрхийлөлтэй дүрээ харуулсан. Шинэ орж ирсэн гишүүд нь тендерчин болох ёстой юм байна гэдгээ ойлголоо гэж ярьж байгаа нь үнэхээр 27 жилийн өмнө бий болгосон парламентын агуулга хэрхэн гажуудсаныг харууллаа.

Туулж ирсэн замналд алдаа, гажуудал байж болно, гагцхүү энэ алдаа, гажуудлыг баганыг нь хугалж нурааж байж шинийг босгох ёстой гэж үү. Гэтэл нэн шинэ үеийн түүхийг бичигчид өөрсдөө тэр алдаатай, гажуудалтай нийгмээ босголцоход гар бие оролцсон байдаг, төрийн эрх мэдэлд хүрэх тэмцэлд дандаа ялагдаж байсан хүчинд эрх барих боломж олдоод шинэ эргэлтийн бодлого зарлаж байвал ойлгож болмоор. Шинэ эргэлтийн бодлогын гол дайралт нь ардчилсан нийгмийн тулгуур болсон хууль, шүүхийн тогтолцоо, чөлөөт эдийн засгийн тулгуур болсон хувийн өмч рүү халдах үйлдлээр эхэлж байна.Төрийн эрх мэдэлтэн шүүхийн шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн зөрчилд баатрын дүрээр хутгалдан орж байгаа нь хуулийн засаглалыг уландаа гишгэсэн хэрэг.

Шинэ эргэлтийн бодлого нэхэж байгаа нэг салбар нь төмөр зам байна. Хувийн хэвшлийн барих гэж байсан төмөр замыг би барина гэж төр нь аваад одоо овоолсон шороотой л сууж байгаа нь үнэн. Уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлон амьдрах нь тодорхой болсон 2000 оны эхээс экспортын шинэ төмөр замын сураг гарсан.

Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын даланд 200 гаруй сая ам.долларыг булчихсан, энэ далан нь урд хөршийн тавьсан төмөр замаас холболтын цэг нь 10 гаруй км-ээр зөрчихсөн, одоо үүнийгээ “Эрдэнэс Тавантолгой” компанид шахаад сууж байна.

Доллар булсан овоолсон шороогоо хараад сууж байх хооронд өргөн царигын сүлжээтэй Орос танк орж ирнэ гэж айлгүйгээр нарийн царигаар Алс Дорнодын Амур мөрнөөр Хятадтай холбогдчихлоо.

Сонгуулийн циклээр шийдвэр нь өөрчлөгддөг төрд өөрт нь гаргасан шийдвэрээ биелүүлдэг байх шинэ эргэлтийн бодлого хэрэгтэй байна. Эрх мэдэлтэй байгаа хүнд ашигтай байлгахаар өмнө гарсан төрийн шийдвэрээ цуцалдаггүй байх төрийн залгамж чанарт шинэ эргэлтийн бодлого хэрэгтэй байна. Төрийн хүний зан авир, ёс зүй, хариуцлагаа хүлээдэг, шударга байх, албан тушаалаа хахуульд арилждаггүй байхад шинэ эргэлтийн бодлого хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж