Тусгай хэрэгцээт хүүхдэд тусгай анхаарал хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Тусгай хэрэгцээт хүүхдэд тусгай анхаарал хэрэггүй

Тусгай хэрэгцээт хүүхэд гэж хэнийг хэлэх вэ. Олонх хүн үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” гэж хариулах байх. Гэвч энэ нь ташаа ойлголт юм. Боловсролын тусгай хэрэгцээт хүүхэд гэдэг нь хүн бүлгүйгээс амьжиргааны эх үүсвэр болсон малаа хариулаад сургууль завсардсан жаал, халх хэлээр хичээл үзээд мунгинаж суугаа казах хүүхэд, хоёр сар эмнэлэгт хэвтээд хичээлээс хоцорсон, ар гэрийн боломж, анхаарал халамж муугаас сургуульд хамрагдаж чадаагүй хүүхэд, хараа болон сонсголын бэрхшээлтэйгээсээ үеийнхнээсээ ичээд хичээлдээ суудаггүй хүүхэд гэх мэтээр нийгэм болон хувийн шалтгаанаас сурч боловсроход нь асуудал үүссэн хүүхдийг хэлдэг байна. Гэхдээ дээрх мэт шалтгаан нь тэдгээр хүүхэд сурч, хөгжих боломжгүй гэсэн үг биш, бага зэрэг анхаарал хандуулахад л тэд бусдын адил сурч, хөгжих боломжтой юм.

Тухайлбал, хараа султай хүүхдэд тохирсон шилийг нь зүүлгээд, хамгийн боломжтой ширээнд суулгахад тухайн хүүхдийн суралцах үйл явцад асуудал үүсэхгүй. Сонсгол сул хүүхдэд сонсголын аппарат зүүлгээд мөн л урд ширээнд суулгахад суралцах үйл явц асуудалгүй. Тэргэнцэртэй хүүхдийн сургууль хүрэх зам дахь саад, орц гарцын асуудлыг шийдээд өгөхөд суралцах үйл явцад ямар нэгэн асуудал үүсэхгүй. Үүний дээр ангийн хамт олон нь ялгаварлан гадуурхахгүй байхад тухайн хүүхэд бусадтай адил сурч боловсрох бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт хүүхэд сурч боловсроход дэд бүтцээс эхлээд олон зүйл дутагддаг гэж хүмүүс боддог ч багшийн оролцоо, ур чадвар, эцэг, эхийн анхаарал, ангийн хамт олон цаашлаад олон нийтийн эерэг хандлага чухал гэдгийг тэр бүр анзаардаггүй. Тодруулбал, тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш боловсролд хамруулахад хамгийн чухал хүч болох олон нийтийн хандлага  эерэг биш байна .

Тэгвэл тусгай хэрэгцээт хүүхдүүдээ нийгэмд эрх тэгш оролцуулахын тулд яах ёстой вэ. Ердөө зам хөндлөн гарахдаа хэн нэгний туслалцаа авах шаардлагатай хүүхдэд хэн нэгнээр хэлүүлэлгүй бас төвөгшөөлгүйгээр туслах, гараараа бус амаараа зураг зурдаг найзынхаа харандаа, бийрийг ойрхон тавиад өгөх, сургуульдаа очихын тулд нийтийн тээврээр үйлчлүүлэхээр хүлээж буй тэргэнцэртэй хүүг өөрсдөө орохоосоо урьтаж, хамтдаа өргөөд автобусанд суулгах сэтгэл л хэрэгтэй юм. Аливаа зүйлийг бусдаасаа арай өөрөөр суралцдаг, хийж бүтээдэг хүүхэд, багачуудад олон нийтийн зүгээс тусдаа анхаарал халамж биш халуун дотно сэтгэл л дутагдаж байдаг гэхэд болно.

Хүүхдийг ивээх сангаас явуулсан судалгаанаас харахад, манай улсад эцэг, эхчүүдийн 82 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах нь  зөв гэж үздэг байна. Харин дэлхий нийт, Монгол улсын төрийн бодлого ч эдгээр хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулах зарчим баримталдаг.  Өөрөөр хэлбэл, хүүхдийг тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээл зэрэг ямар нэгэн ялгаатай байдлаар ялгаварлалгүйгээр боловсролд тэгш хамруулахыг зорьдог билээ.

Гэвч манай улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай байгаа сурагчдын сургуульд хамрагдалт ердөө 23.1 хувьтай байгаа юм.

Энэ байдлыг өөрчилж, хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах үүднээс  төрийн бус байгууллагууд олон ажил зохион байгуулдаг. Үүний нэг нь  Хүүхдийг ивээх сангийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”. Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төсөл  өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2021 он хүртэл үргэлжлэх юм. Эхний жилд ерөнхий боловсролын найман сургууль, насан туршийн боловсролын найман төвийг төсөлд хамруулж, хувийн болон нийгмийн олон шалтгаан, нөхцөлөөс сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллаж, тэдэнд үйлчилж буй тухайн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх ажлыг амжилттай өрнүүлсэн байна. Төсөлд сургуулийн удирдах ажилтан, багш нараас эхлээд эцэг, эх, үе тэнгийн сурагчид гээд олон талыг хамруулсан бөгөөд төслийн үр шимийг эхний жилд 3500 орчим хүн хүртсэн гэнэ. Харин төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд шууд бусаар 14 мянга орчим хүн тусгай хэрэгцээт хүүхдийн талаарх мэдлэг, чадвар, хандлагаа өөрчлөх сургалтад хамрагдахаар байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу төслийг ирэх дөрөвдүгээр сараас ерөнхий боловсролын 16 сургууль, насан туршийн боловсролын 16 төв дээр хэрэгжүүлэх юм билээ. Энэ хүрээнд 800-гаад багшийг тусгай хэрэгцээт хүүхэдтэй харьцаж ажиллахад сургаж, сургалтын арга зүйг нь чадавхжуулах аж. Мөн төсөлд хамрагдаж байгаа сургуулийн хүүхдүүдийн эцэг, эх, орон нутгийн иргэдийн тэгш хамруулах боловсролын ойлголт, хандлагыг сайжруулах тал дээр олон ажил зохион байгуулж байна.

Үүний нэг нь Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулж буй “ӨөрӨөр” цахим аян юм. Хүн бүр өөр өөр мөрөөдөлтэй байдаг шиг хүн бүрийн суралцах үйл явц, ажиллах байдал, бүтээмж өөр. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүдийн талаарх нийтийн хандлагыг эерэг, зөв болгоход цахим аян чиглэж байгаа юм билээ. “ӨөрӨөр” аянд хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр эрхэлж, амжилт бүтээлээр дүүрэн яваа залуус, хүүхэд багачууд нэгдэж, өөрсдийн түүх, амжилтыг бусадтай хуваалцаж байгаа. Тэдний бусдад хэлэхийг хүсэж буй хамгийн чухал зүйл бол “Та бид бүгдээрээ өөр өөр арга барилаар суралцаж, хөгжиж, боловсрохыг хичээдэг. Биднийг хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт гэсэн нүдээр харалгүй арай өөрөөр суралцаж, боловсорч байгааг минь ойлгож, магадгүй туслалцаа хэрэгтэй хэн нэгэндээ төвөгшөөлгүйгээр, найрсагаар туслаад хамтдаа хөгжихөд л болно” гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тусгай анхаарал гэхээсээ илүү тэднийг ойлгож, хамтдаа сурч, хөгжих нь юу юунаас чухал байна.

Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээ шаардлагатай байгаа хүүхэд нь бусдын адил хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй, аливаа зүйлийг сурч мэдэх тодорхой чадамжтай байдаг гэдгийг олон нийт ойлгож, хандлагаа өөрчилж, тэдэнд боломж олгосон цагт хүүхэд бүр ялгаварлан гадуурхалтгүй орчинд сурч, хөгжих боломжтой гэдгийг Хүүхдийг ивээх сангийн Боловсролын төслийн мэргэжилтэн С.Мөнхдэлгэр ярьж байлаа. Олон нийтийн хандлага, оролцоог өөрчилж байж, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуульд хамрагдаж чадахгүй байгаа байдал өөрчлөгдөж, эерэг үр дүнгүүд гарна гэж төслийн багийнхан  үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж