Хятадын засгийн газраас исламын шашны цөөнхийн эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн олон улсын анхаарлын төвд байдаг Шинжаан-Уйгурын бүс нутагт гадаадын төлөөлөгчдийг урьж айлчлуулж эхэлжээ. Бээжингийн эрх баригчид ирэх долоо хоногт Европын төлөөлөгчдийг айлчлуулахаар төлөвлөсөн байна.
Айлчлалд Хятад дахь Европын элчин сайд нар, дипломатуудыг оролцуулахаар төлөвлөжээ. Харин АНУ-ын талаас энэ айлчлалыг өндөр зохион байгуулалттай жүжиг байх болно гэж мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр АНУ-ын төрийн департаментаас мэдэгдэхдээ Шижаан-Уйгур дахь Хятадын үйл ажиллагаа 1930-аад оноос хойшхи хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэж мэдэгджээ.
Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын засгийн газраас өндөр хамгаалалт дор хэд хэдэн орны дипломатуудыг айлчлуулсан аж. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын албаныхан Шинжаанд айлчлахдаа “Reuters” агентлагийн сэтгүүлчийг авч явжээ.
Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгурт албадан боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд олон зуун исламын шашинт иргэдийг баривчлан хорьсон нь АНУ болон Барууны хүний эрхийн байгууллагуудаас хүчтэй шүүмжлэл хүлээдэг. Тус төвд хүчирхийлэл, салан тусгаарлах үзлээс сэргийлэх үүднээс соёлын сургалт явуулдаг гэж Хятадын талаас мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters