Зөвшөөрөлтэй авто зогсоолууд орлогоо 375 сая төгрөгөөр давуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлтэй авто зогсоолууд орлогоо 375 сая төгрөгөөр давуулжээ

Зөвшөөрөлтэй авто зогсоолууд орлогоо 375 сая төгрөгөөр давуулжээ

Хотын жолооч нарын “толгойн өвчин” бол автомашины зогсоол. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Өглөө ажилдаа ирэх, хоол хүнсээ цуглуулах, тоглолт, үзвэр үзэх гээд алхам тутамдаа энэ асуудалтай нүүр тулдаг. Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой байх ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихдэг. Тиймээс үйлчлүүлэгчид буюу иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголт л үлдэж байгаа юм. Энэ байдлыг зарим нэг газрууд овжноор ашиглан, зөвшөөрөлгүйгээр авто зогсоолын бизнес хийх болсон нь иргэдийн бухимдлыг хүргээд удаж буй. Нэг талдаа зогсоол ховор үед шаардлагатай цагт автомашинаа байршуулах газартай байгаа нь аз боловч нөгөө талдаа хууль зөрчин цэцэглэж байгаа энэ төрлийн бизнест хот нь анхаарахгүй бол мөдхөн нийтийн эзэмшлийн зам талбайг ч "өмчилж" нэг цаг тутамд автомашинаас 1000 төгрөг сааж, мэдэхээр дүр зураг буух болсоор удаж буй. Иймээс бид уг асуудлыг хөндөж, сурвалжиллаа. 

ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 45 ЗОГСООЛ 375 САЯ ТӨГРӨГИЙГ ДАВУУЛАН ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

“Хотын авто зогсоолын асуудал маш хүндрэлтэй байна. Амралтын өдрөөр хоол хүнсээ цуглуулахаар зах худалдааны төвүүдийг зорихоор үйлчлүүлснийхээ төлөө давхар зогсоолын мөнгө төлөх болдог. Зарим нь нэг цагийн хоёр, гурван мянган төгрөг гээд гэдийчихдэг. Зарим цөөн газрууд авто зогсоолын эхний цаг нь үнэ төлбөргүй эсвэл худалдан авалт хийсэн баримтаа үзүүлэхээр төлбөр авдаггүй. Энэ жишгийг үйлчилгээний газрууд хэрэгжүүлмээр байна”  хэмээн жолооч Б.Дэлгэрбат бухимдав.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 2019 онд дөрвөн иргэн, 41 аж ахуйн нэгж байгууллагатай автомашины төлбөртэй зогсоолын албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байна. Хотын зургаан дүүрэгт дөрвөн байршилд нийт 1209 тээврийн хэрэгслийн багтаамжтай төлбөртэй зогсоол зөвшөөрөл авсан гэдгийг албаныхан хэллээ. Ингэснээр Баянгол дүүрэгт 10 байршилд 386, Чингэлтэй дүүрэгт 13 байршилд 371, Сонгинохайрханд найман байршилд 204, Сүхбаатарт 11 байршилд 194, Хан-Уул дүүрэгт хоёр байршилд 28, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 26 автомашины зогсоол албан ёсны зөвшөөрөлтэй ажээ.

Зөвшөөрөлтэй автомашины зогсоолын орсон орлогын 60 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлдэг бол үлдсэн 40 хувийг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Албан ёсны зөвшөөрөлтэй 45 авто зогсоолоос 2018 онд 250 сая төгрөгийн төлөвлөгөө тавигдсанаас 375 сая орчим төгрөгийн давуулан биелэлттэйгээр нийслэлийн Авто замын санд төвлөрүүлжээ.  Харин 2019 онд нийт 411 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

“ЖОЛООЧ НАРЫГ АЙЛГАХ ГЭЖ  ЗОГСООЛЫН ҮНЭЭ ӨНДӨР БИЧДЭГ” ГЭЖЭЭ

Соёлын төв өргөөний хойд талын авто зогсоолыг жилийн өмнөөс олон нийтийн төлбөртэй зогсоол болгосон. Уг зогсоолын ажилтан Д.Батдэлгэр “Манай авто зогсоол албан ёсны зөвшөөрөлтэй, Туушин компани нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан ажиллаж  байгаа.  Нийт 11 автомашины багтаамжтай. Ихэвчлэн Туушин зочид буудалд ирсэн зочдын автомашиныг байрлуулдаг. Ачаалал бага үедээ цөөн тоогоор иргэдийн машин байруулдаг.  Үнийн хувьд 30 минут нь 500 төгрөг, нэг цаг нь 1000 төгрөг байдаг” тухай хэлсэн юм.

Албан ёсны зөвшөөрөлтэй, төлбөртэй зогсоолын үйлчилгээний үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг, нэг цаг нь 1000 төгрөг,  нэг цагаас хойш 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цагийн төлбөр нь 2000 төгрөг  бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай. Гэвч уг торгуулийн мөнгийг жолооч нар огт төлдөггүй талаар мэргэжилтнүүд хэлж байв.

Зарим газруудын хашааны үүдэнд авто зогсоол “Нэг цаг нь 5000 төгрөг”, “10 мянган төгрөг” гэж дураараа өндөр хэлсэн харагддаг. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Дотоодын хяналтын мэргэжилтэн Ө.Төрбатаас тодрууллаа. Тэрбээр “Жишээлбэл, Сонгдо эмнэлгийн баруун талын хувийн эзэмшлийн авто зогсоол цагийн 10 мянган төгрөг гэсэн байсан. Бидний зүгээс энэ авто зогсоолыг  гомдлын дагуу судалж үзэхэд “Нэг цагийн 1000 төгрөг гэхээр хүмүүс зогсоол дүүргэчихдэг юм. Тиймээс иргэдийг айлгахын тулд ийм үнэ тавьдаг. Манай үйлчлүүлэгчид худалдан авалт хийсэн баримтаа үзүүлбэл үнэ төлбөргүй автомашинаа байрлуулж болно” гэдгийг хэлж байсан. Зарим байгууллага нь минутын төлбөр авахгүйгээр өөрийн эзэмшлийн зогсоолдоо хаалт тавьсан байдаг. Үүнийг иргэд хараад төлбөртэй зогсоол гэж андуурах тохиолдол бий. Мөн зарим эмнэлэг, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдээ худалдан авалт хийсэн баримтаа үзүүлэн төлбөр төлөхгүй байж болно гэдэг. Энэ нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын авто зогсоолын зохицуулалт” гэдгийг хэлсэн юм.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 64 АВТО ЗОГСООЛ БИЙ

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр зөвшөөрөлгүй 64 авто зогсоол ажиллаж, иргэдийн халаас руу өнгийж байна. Мөн 2016 оноос хойш нийтдээ 170 гаруй зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийг хашиж авсан, хууль бусаар иргэдээс авто зогсоолын төлбөр хураасан зогсоолыг хааж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай мэргэжилтнүүд ярилаа.  Үүнтэй холбоотойгоор 2018 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу 15, 2019 он гараад дахин 15 байршил дахь зогсоолын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлжээ.

Харин иргэдийн хувьд төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг 2018 онд 150 орчим иржээ. Энэ тоо нь өмнөх 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг албаныхан хэлсэн юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбат “Зөвшөөрөлгүй авто зогсоол гэдэг нь тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажлуулж, хаалт хийх нь хууль бус. Учир нь газрын зориулалтад  худалдаа, үйлчилгээ гээд өөр өөр заалтуудтай байдаг. Тиймээс манай байгууллагаас иргэн болон аж ахуйн нэгжүүд газрын зориулалтаа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үүднээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ханддаг” тухай  тайлбарлалаа.

АВТО ЗОГСООЛД ҮЙЛЧЛҮҮЛЭЭД И-БАРИМТ АВНА

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хотын авто зогсоолыг цэцлэх ажлын хүрээнд албан ёсны зөвшөөрөлтэй 45 компанийн зогсоолыг албажуулахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал, зөвшөөрөлтэй авто зогсоолд төлбөртэй гэсэн таних тэмдэг, анхааруулга болон  тухайн байгууллагын таних тэмдгийг байрлуулах, И-баримт олгох зэрэг ажлын ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх нь ээ.

“Нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй зогсоол ажиллуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авна. Одоогоор бид  уг албан бичгээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байгаа. Мөн хотын Засаг даргын захирамжаар шинэ ажлын хэсэг байгуулсан. Бид өнгөрсөн хугацаанд авто зогсоолд жилдээ нэг, хоёр удаа шалгалт хийдэг байсан бол ажлын хэсгийнхэн улирал тутам шалгалт хийнэ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан албан ёсны зөвшөөрөлтэй 46 авто зогсоол бий. Бид эдгээр компанийн зогсоолд таних тэмдэг байрлуулж, ажилтны хувцсанд байгууллагын нэрийг бичих, төлбөрийн И-баримт олгож эхлэхээр ажиллаж байна. Хэрвээ хууль бус төлбөртэй зогсоол ажиллуулж буй иргэн, аж ахуйн нэгж удаа дараа давтан мэдэгдэх хуудас авч, торгуулийн арга хэмжээ авахуулсан бол дараагийн шатны арга хэмжээг авна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийнхөө бус бусдын эрх ашгийг эрхэмлэхийг уриалж байна” гэдгийг нийслэлийн  Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж